НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Жавхлан: 100 хувь ногоон бүс болох боломжгүй юм байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын өчигдрийн цахим уулзалтаар ярилцсан асуудлыг ажил болгон хэрэгжүүлэх ажлын баг байгуулжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг болж ирсэнд талархал илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцсон. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар, Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачаатай холбоотой асуудлыг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо. Тэрбээр дараахь асуултад хариулт өгсөн юм.
-Ачаа тээврийн саатсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-БНХАУ-ын Ерөнхий сайд хэлэхдээ өөрсдийн нутаг дэвсгэртээ ч тээвэр, ложистикийн асуудлыг шийдвэрлэхэд бэрх байгаагаа учирласан. Төмөр замын хувьд ч техникийн хүрэлцээ дутмаг байгаа юм байна. Манай улсын гадаад харилцааны асуудалд онцгой анхаарахаа илэрхийлсэн. Ганц манай улс биш БНХАУ-тай далайн тээвэр хийдэг улс орнуудад ч ижилхэн хүндрэл үүссэн. Манай улсын хувьд харьцангуй бага хэмжээний ачаа байгаа тул зохицуулах боломжтой. Биднээс болон урд хөршөөс хамаарсан зохион байгуулалтын ажил шаардлагатай байна.
-Одоо хил дээр овоорсон хэчнээн тонн нүүрс байна вэ?
-Цагаан хаданд одоогоор цугларсан 8.2 сая тонн нүүрс байна. Үүнийг бүгдийг нь БНХАУ-ын тал худалдаад авчихсан, АМНАТ-аа авчихсан бөгөөд БНХАУ-ын талаас импортлоход бэлэн болчихсон юм. Манайх зарчихсан хэрнээ хилийн цаана гаргаж чадахгүй байгаа. Цаанаа эрэлт хэрэгцээ ч их байгаа юм. Яаралтай хилээр гаргах хүсэлт тавьсан. Энэ хүрээнд чингэлэг терминал байгуулсан. Хятадын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг цогцоор хангах бүтээн байгуулалт болсон. Ингэснээр, хоёр тал худалдаалсан нүүрсээ хилээр гаргахад онцгой анхаарч ажиллах, манай талаас халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагыг хангасан. Цаашид бусад хилийн боомтод үүнтэй ижил ажил зохион байгуулахаар дээд шатандаа тохирсон. Одоо дунд, доод шатандаа шийдвэрлээд явна.
-Чингэлэг терминал ашиглалтад орсон уу?
-Бүтээн байгуулах ажил дууссан, одоо ашиглаж эхлэх хэрэгтэй байна. Хил дамнуулан гаргаж байгаа ложистикийн асуудал нь хоёр талын харилцан зөвшилцлөөс хамааралтай. Цаад талаас хариу хүлээж байна.
-Төмөр замаар ачаа тээвэрлэх хилийн солбилцлын цэг байгуулах ажил ямар шатанд байгаа вэ?
-Эхний ээлжид бид БНХАУ-ын худалдаад авчихсан нүүрсийг яаралтай гаргах шаардлагатай. Тэгэхгүйгээр нүүрсээ нэмээд овоолоод байж болохгүй. Хилийн боомтын солбилцлын цэгийг олон жил ярьсан. Нарийн царигийг нааш оруулж ирнэ. Өргөн царигаа хилдээ тулгаад тавина. Тэгээд ачаагаа шилжүүлж ачаад явна гэдгийг олон жилийн өмнө тохирсон. Хятадын төмөр зам цаанаасаа Гашуунсухайт боомтод тулаад ирчихсэн. Бид төмөр замаа ирэх оны долдугаар сард бүрэн дуусгана. Нарийн царигаар манайд орж ирэх цэгүүдийг өнөөдөр эцэслэж шийдсэнээр ЗТХ-ийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулж баталгаажууллаа. Нарийн цариг орж ирээд өргөн царигтай уулзах цэгт Монголын талд шилжүүлэн ачих, буулгах терминал байгуулах асуудал үлдэнэ.
-Чингэлэгт терминал байгуулснаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бид ногоон бүс байгуулж халдварын тархалтыг бууруулах арга хэмжээ авч байсан. 100 хувь ногоон бүс болох боломжгүй юм байна. Тиймээс аль болох чингэлэг терминал байгуулах зэргээр ачаа тээврийг явуулахаар төлөвлөж байна. Хятадын талаас робот тээврээр хүн оролцуулахгүй удирдлагатай чингэлгээр нүүрс тээвэрлэх шийдлийг санал болгож байна. Бүтээн байгуулалт богино хугацаанд хийсэн.