НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитоор нэмэгдүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр улс төр, худалдаа эдийн засаг, тээвэр логистик, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахаар ярилцав.
Энэ хүрээнд манай тал худалдааг тэлэхдээ Монгол Улсаас Казахстан Улсад болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах, Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд талууд агаарын тээврийн хамтын ажиллагаа хөгжиж байгааг онцолж улмаар Монголын “Хүннү эйр”, Казахстаны “СКАТ” компани хооронд санамж бичиг байгуулсныг сайшаан тэмдэглэв.
А.Р.Рахметуллин хоёр улсын хооронд хамтарсан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Замын зураг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгов. Мөн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтыг хэлэлцээрийг шинэчлэн байгуулахыг санал болгов.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яам хоорондын 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн айлчлалын хүрээнд Казахстаны Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтой ажлын уулзалт хийв.
Тэрбээр хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэндчилгээг Б.Т.Султановт уламжилж, хоёр орны бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал механизм болох ЗГХК-ийн ээлжит хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулахыг санал болгов.
Талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс ЗГХК-ийн дэргэдэх ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав.
Сайд Б.Т.Султанов бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд ирэх онд Ажил хэргийн зөвлөлийн хамтарсан хуралдааныг зохион байгуулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн худалдааг нэмэгдүүлж, зам тээврийн машин техник, автобус, зүтгүүр гээд Монгол Улсад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо илэрхийлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог дайчлан ажиллахыг санал болгов. Уулзалтын төгсгөлд Б.Батцэцэг, Б.Т.Султанов нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Худалдаа, интеграцчлалын яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.