Д.Сумъяабазар: Луйвар, залилан хийх гээд байгаа юм биш

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулсан “Эрдэнэт” үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой" болон төрийн сангууд мөнгөө эргүүлэн авч чадахгүй байгаа тухай байр суурийг илэрхийлсэн байдаг. Улмаар Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс нэр бүхий хоёр банканд албан шаардлага хүргүүлээд байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ асуудалд тайлбар өгчээ. Тэрбээр “Долдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар дайрсаар одоо цадигаа алдаж байна. Би ямар ч дайралтыг тэвчинэ. Би бусдын адил үүнд санаа зовж байна. Тодорхой эх үүсвэрүүдийг татахдаа хугацаатай хадгаламж болон харилцах хэлбэрээр татдаг хууль, эрх зүйн зохицуулалттай. Төлбөр тооцоо, эргэн төлөгдөх нөхцөлөө зөрчсөн бол түүндээ анхаарч, энэ асуудлыг богино хугацаанд зохицуул гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Тиймээс удирдлага, менежментийн багийнхан төлбөрийн графикаа тайлбарлаж, дутуу байгаа мэдээллээ хүргэх ёстой. Энэ асуудалд санаатайгаар зохион байгуулж, иргэд олон нийтийн санаа бодлыг улс төрд ашиглаж буй хүмүүс байгаа. Харлуулах гэсэн ийм дайралт хийж байгаад Нийслэлийн Засаг даргын хувьд харамсаж байна.

Надад хэлсэн сүүлийн мэдээллээр бол НДС, ЭМДС, Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн төлбөрийг үе шаттайгаар хийж дуусгана, хамгийн цаад хугацаа нь энэ ондоо багтааж дуусгана гэсэн мэдээллийг өгсөн. Би тэднийг судалгаатай, төлөвлөгөөтэй, банкны шинэ хуультай холбогдуулж шинэ хөрөнгө оруулагч нартайгаа хөрөнгө оруулалтынхаа асуудлыг ярьсан юм болов уу гэж ойлгосон. Тиймээс нууж хаагаад, айж эмээгээд байх зүйл байхгүй. Луйвар, залилан хийх гээд байгаа юм биш” гэжээ.