М.Батбаяр: Богд Зонхова төслийг Соёлын яамнаас оруулаагүй

Соёлын дэд сайд М.Батбаяр Богд Зонхова цогцолборын асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр “Энэ цогцолборыг барихад улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Засгийн газраас соёлыг хөгжүүлэх олон үе шаттай ажил хийснээс 2007 онд Гандангийн дэнж орчмыг түүх шашны зориулалтаар олон төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Жил бүрийн улсын төсвийг урьд жилийнх нь арваннэгдүгээр сард баталдаг. 2020 оны арваннэгдүгээр сард 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үед Богд Зонхова төслийг Соёлын яамнаас оруулаагүй.
УИХ-аар хэлэлцэх шатанд гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх санал орж ирсэн. Ингэснээр 2021 оны Соёлын яамны төсөвт нэмж суулгаж тухайн үедээ уг цогцолборын нийт өртгийг 5.5 тэрбумаар тооцож, 2021 оны санхүүжилт нь 1.5 тэрбумаар тусгасан. Ингэснээр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу Соёлын яам түүх шашин, соёлын Богд Зонхова төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв эдийн засгийн тооцоо, зураг төсөл хуульд заасан бусад зөвшөөрлийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Соёлын яам энэ асуудлыг төсөвт анхнаас нь суулгаагүй учраас 5.5 тэрбумыг тухайн үед яаж тооцсоныг бид мэдэхгүй” гэв.