С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
УИХ-ын дарга Энэтхэгт айлчилна
Энэтхэг Улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх сарын 1-5-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хоёр тал үзэж байгаа юм.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нартай уулзаж, санал солилцоно.
Мөн Энэтхэг Улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай хоёр улсын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах чиглэлээр ярилцана. Түүнчлэн Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн талаар Энэтхэгийн холбогдох байгууллага, албаныхантай санал солилцож, тус улс дахь газрын тосны үйлдвэртэй танилцана.
Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад Парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй юм.