С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран хуралдаж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг дэмсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна. Уг төсөлд төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа систем, сүлжээ, төрийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын системд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаараар төсөлд тусгажээ. Мөн дээрх сүлжээнүүдэд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулах заалт оруулжээ.
Ажлын багаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжиж, санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.