С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ТАЗ-ийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 2 дахь заалтад “…төрийн албан хаагчийн төлөөлөлд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Төрийн албан хаагчийн төлөөллөөс сонгон шалгаруулна” гэж заасан.
Нэр дэвшигч Цэнддаваагийн Амартөгс нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлага болон бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, төрийн албанд 21 жил, удирдах албан тушаалд 14 жил /эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13, тэргүүн түшмэлийн албан тушаалд 1 жил/ ажилласан туршлагатай. Цэнддаваагийн Амартөгс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны даргын алба хашиж байна.
Ц.Амартөгс нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Төрийн албаны зөвлөлд хэлтсийн дарга, Ажлын албаны даргын алба хашиж байна.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсөөс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн жинхэнэ албанд тушаалд түр орлон гүйцэтгэгчээр шууд томилон ажиллуулж байгаа асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчдэд хандан үг хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн болно гэлээ.
Нэр дэвшигч Ц.Амартөгсийг Төрийн албаны тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжсэн гэж танилцуулгадаа дурдсан.
УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо.