С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НББХ тайлангаа тавилаа
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1 батлууллаа.
Үүнээс дурдвал
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй Монгол иргэд, Япон улсад гэрээгээр 161 иргэн ажиллаж, 6000 гаруй ур чадварын дагалдагажигчаар ажиллаж байгаа монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталлаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:
-Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байхаар
-Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор
-Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор Гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургахаар
-Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгалаа.
Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү УИХ-ын тогтоолоор Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг тавьлаа. Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, түүнчлэн Хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өглөө.
Байнгын хороо хууль тогтоол батлахаас гадна хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг гол болгон ажиллалаа. Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулан гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар 3 сар гаруйн хугацаанд нийслэл, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, сумын бүх шатлалын эмнэлэгт ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөн ажиллалаа.
Ажлын хэсгээр шийдвэрлэсэн байдлыг дурдвал:
-Хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх ажлыг иргэдэд хүртээмжтэй, хялбар байхаар
-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмэгдүүлж 584 нэр төрлийг даатгалын сангаас хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оноос 2 дахин нэмэгдүүлж, санхүүжилтийг Улсын төсөвт тусгалаа
-Эрүүл мэндийн салбарын төсвийг 1,8 их наядаар батлууллаа.
-Эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах, ТУЗ байгуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлэх ялангуяа анхан шатанд ажиллаж буй эмч ажилчдын цалинг гүйцэтгэлээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.
Нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг Засгийн газраас сонсож хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр чиглэл өгөн ажилладаг. 2020 онд хуулийн хэрэгжилтийг сонсож байх хүрээнд сэтгэл зүйчдийг бэлтгэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргийг анхаарах чиглэл өгч байсан бол 2021 онд Боловсролын яамнаас бодлогоор сэтгэлзүйчдийг бэлтгэх ажил эхлэн амжилттай явж байна. Цаашид ажилгүйдлийг багасгах, халамж хавтгайрснаас шалтгаалж иргэд ажил хийхгүй, ажилгүйдэл нь өөрөө эргээд гэр бүлийн хүчирхийллийг гол өдөөгч хүчин зүйл нь болж байдгийг үндэслэн ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилтод иргэд л нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй байгаа юм.
Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлыг хэсгийг Б.Жаргалмаа гишүүнээр ахлуулан байгууллаа. Энэ хүрээнд Байнгын хорооны гишүүд Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд ажилласан. Цаашид ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд Ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана.
Байнгын хорооноос Хаврын чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын төсөв хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлнэ.
Ковид цар тахлын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр Байнгын хороо Эрүүл мэнд, Улсын онцгой комисс, Хүний эрхийн Үндэсний комиссын мэдээллийг сонсож үүрэг чиглэл өгч ажилласан. Энэ хүрээнд ч тусгаарлалтын 3 хоногийг Засгийн газраас цуцалсан шийдвэр гаргасан.
Нийгмийн бодлогын байнгын хороо нь Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгдсэн зохицуулалт, хяналттай болж чанартай, баталгаатай, аюулгүй, боломжит үнэ өртөг бүхий эмээр ард иргэддээ үйлчлэх боломж бүрдэх юм. Ж.Чинбүэрн гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн гишүүд хуулийн төслийг танилцуулах, байгууллагуудаас санал авах уулзалтыг Архангай, Өвөрхангай аймгуудад зохион байгуулаад байна.
Хаврын чуулганаар байнгын хороо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэх, тамхин бүтээгдэхүүнд утаат болон утаагүй бүх төрлийн тамхийг оруулж электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд тамхийг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэнэ.
Нийгмийн даатгалын багц хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү багц хуулиар хуваарилалтаас хуримтлал руу шилжих суурийг тавих юм.