2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэлээ

Засгийн газар, Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээг үндэслэж, УИХ-аас тус ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар баталсан 103 дугаар тогтоолд тусгасан заалтууд хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, Оюу Толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр "Эрдэнэс Оюутолгой" компанид ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэсэн батламжийг "Туркойс Хилл Ресурс" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон гардуулан өгчээ.

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон юм. Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг зарлалаа.