С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Э.Бат-Үүл: Социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна
Монгол Улсын Баатар Эрдэнийн Бат-Үүлийн МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 32 жилийн ойд зориулан захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүндэт хатагтай, ноёдоо
Хүндэт ардчиллын баатруудаа
Миний бие 409-р хорих ангиас “ардчиллын баатрууд” та бүхэнтэй мэндчилж байна.
Ямар ч хүн агшин дутам, хором дутам эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрч суудаг. Хорих ангийн дөрвөн ханын дунд хавчуулагдан суухдаа, эрх чөлөөний гэр орон болох ардчиллаа улам ихээр хайрлан, та нарыгаа хүндэтгэн биширч сууна.
“Бусдын эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зовсон дээр” хэмээх манай ардын үг бол бидний үзэл санаа, гүн ухааны орой нь болсон үг ажээ.
Эрх чөлөөний гэр ардчиллыг бүтээн босгосон нь та нар шүү!
Хүнд, өөрийн өнгөрсөн үеийн дорой хоцрогдсон байдлаа өнөөгийн ахиц дэвшилтэй харьцуулахаас илүүтэй, өрөөлийн давуу, илүү байдалтай одоог жишиж сэтгэл тавгүйтэн, бачимдах гэм байдаг. Мөн олон хүнд, эрх чөлөөтэй эрээн алаг амьдралаас, нийтээрээ тэгш дорой, нэг хэвийн амьдрахыг дээрд үздэг далд ухамсар бий.
Ийм сэтгэлийн эмгэгүүд газар авсаар нэг мэдэхэд бүгдийг тэгшитгэсэн, ядууруулах, хуарангийн үзэл санааг өнгө өнгөөр цэцэг алагласан эрх чөлөөнөөс өндөрт өргөмжлөн мандуулдаг бурангуй ёс нийгмийг эзэмддэг. Үүнийг овжин ашиглаж менежемент хийж чадах, эрх мэдлийн шуналтан дарангуйлагч болох боломжтой. Өнөөдөр манай нийгэмд эрх чөлөөг золиослон, нийтийг тэгшитгэх социализм буюу хуарангийн үзэл санаа газар аваад байна. Хачирхалтай нь энэ бурангуй ёс залуу үеийг эзэмдээд байгаа бололтой. Тэд социализмд эрх чөлөөгүй амьдрахын зовлонг үзээгүй болохоор андуурч байгаа нь мэдээж. Болдог бол бүгдийг нь хойд Солонгос явуулж хүсээд буй хуарангийн амьдрал нь ямар болохыг хэсэгхэн ч гэсэн мэдрүүлэх юмсан гэж хаяа би боддог. Манай нийгмийн далд ухамсарт эргэж ирээд суучихсан социализм, Монголчууд бидний эрх чөлөөг дарах мөчөө хүлээгээд сууж байна.
Хэрэвзээ, зөв менежемент хийгээд энэ далд ухамсарыг сэрээн, дарангуйлал тогтоож чадах айхтар авъяаслаг популист гараад ирвэл эрч чөлөө үгүй болно. Энэ авъяаслаг популистыг хоёр хөрш дэмжвэл Монгол улс гэж байхгүй болно. Ийн бодож суухад бас нэгэн зөрчилдөөний учрыг ерөөс би ойлгохгүй хэвээр байна.
Өнөөх социалзмыг хүсээд буй эхний тааралдсан залуугаас мөрөөдлийн улс чинь аль вэ хэмээн асуувал, америк, англи, япон, солонгос, австрали, герман, швед гэж хариулах болов уу. Аялахыг, амьдрахыг, суралцахыг хүсэн мөрөөдөж буй эдгээр улс гүрнүүдийн үнэт зүйлс нь юу бэ? хэмээн асуувал ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, эрх тэгш боломж, энэрэнгүй хүмүүнлэг нийгэм, шударга ёс гэж хариулах байх.
Тэгвэл залуус минь! Тэртээх 90 онд энэ бүх үнэт зүйлс ардчилсан хувьсгалаар та нарт ирсэн юм. Өөрийн гарт буй энэхүү эрдэнээ өнгөлөн зүлгэж, хүндлэн, хамгаалж чадваас мөрөөдлийн улс болон хөгжих бүхий л боломж та бүхэнд байна.
Харамсалтай нь цадигаа алдсан шударга бус байдал, данхар төрөөр бизнес хийн хөлжиж байгаа, нүүрээ хувиргасан мөнөөх дарга анги чинь монголын эрх чөлөө, ардчиллыг гутаан, нүүрээ хийх газаргүй болгож байна. Хоёр хөршийн хатгалгаар, хонцын сэтгэл өвөрлөн, ардчилсан Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд занал хийлэгч эдгээр увиагүй хүмүүсээс ардчиллаа аваръя гэвэл Монголын Ардчилсан Холбооныхон та бид яаралтай эвлэлдэн нэгдэж, шударга ёсны төлөө тэмцэх цаг болжээ.
Яг одоо шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна!
4 ханаар хашигдсан шоронгийн өрөө
4 зүгт тэлэн социализмын “хуаран” битгий болчихоосой хэмээн залбирч сууна даа партизаанууд минь!
2022.02.14 өдөр