С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“BINANCE”-ийн төлөөлөлтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хууль 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж байна.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.
Тэрбээр виртуал хөрөнгийн үйлчилгээ нь технологийн дэвшлийг ашиглаж, бага зардалтайгаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай ч койн, токенуудыг арилжаалах үйл явц нь маш богино хугацаанд, өндөр үнийн дүнтэйгээр явагдаж байгаагаас энэхүү үйл явцыг дагасан цахим гэмт хэрэгт иргэд, хөрөнгө оруулагчид хохирох, цаашлаад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй тул тусгайлсан эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байсан талаар тэмдэглэсэн.
Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцлоо. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцож, байгуулллагын төлөөлөгчдийн асуусан асуултад хариулт өглөө. Мөн Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд оролцов