С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бүтээн байгуулалтыг хот дэмжиж ажиллана
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Судалгаагаар “Нарантуул” зах руу чиглэж байгаа хөдөлгөөн түгжрэлийн 20 орчим хувийг үүсгэж байгаа гэсэн дүн гарсан. Нийслэлээс дээрх төслийг эрх зүйн хүрээнд дэмжинэ. Хотын захиргаанаас төсөв гаргахгүй. “Нарантуул” худалдааны төв, “Хүчит шонхор”, 100 айл гэсэн гурван зах руу баруун аймгаас зорьж ирэн, үйлчлүүлж байгаа иргэн олон байдаг. Тус худалдааны нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр иргэн хотын төв рүү орохгүйгээр үйлчилгээ авах боломжтой болох юм” гэлээ.
“Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Хотын түгжрэлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийслэлийн удирдлагын бодлогод энэхүү төслийн ерөнхий агуулга нийцэж байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнд ч ашиг орлого олох боломж нээгдэж байна. Тус төслийг Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт 28 га газарт худалдааны төв үйл ажиллагаа явуулна. Өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Мах, ногоо, хүнсний захыг иж бүрэн байгуулна. Төслийн хүрээнд томоохон захуудын худалдан авагчдаас судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд, хөдөө, орон нутгаас зорьж ирсэн хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа. Тэдгээр иргэд заавал зах руу очих биш, энэхүү худалдааны төвөөс шаардлагатай бараа, материалаа авах боломжтой. Түгжрэл тэр хэрээр буурна. Энэхүү нэгдсэн төвд 2.8 га худалдааны талбай, мөн автомашины 1200 зогсоол төлөвлөсөн” хэмээв.