С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад НҮБ-тай хамтарна
НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “e-mongolia” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй уулзаж, гурван чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Тодруулбал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдэд зориулсан сургалтын контент бүтээх, иргэдийн цахим ур чадварыг сайжруулахад зориулсан сургалтын агуулга боловсруулах, түүнийгээ иргэдэд хүргэх чиглэлд хамтран ажиллах юм. Мөн Цахим засаглалын олон улсын форум хамтарч зохион байгуулахаар тохиролцов. Уг форумаар Монгол Улс цахим засаглалаа хэрхэн хөгжүүлж буй сайн туршлагаа НҮБ-ын гишүүн, хөгжиж буй орнуудад танилцуулах юм.
Үүний зэрэгцээ, НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра Төв шууданд байрлах “e-Mongolia” төвтэй танилцлаа. “e-Mongolia” төв нь 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөрт 100 орчим иргэд, олон нийтэд заавар зөвлөгөө өгч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ.
Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм.
Төв нь долоо хоногийн бүх өдрүүдэд буюу Даваа гарагаас Ням гарагт хүртэл 08.30-17.30 хүртэл ажиллаж байна. Иргэн та амралтын өдөр ч байсан тус төвд хандаж, төрийн 600 орчим үйлчилгээг авахын зэрэгцээ, заавар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.