С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Улс хоорондын тээвэрлэлтийн зарим асуудлаар зөвлөлдөв
Улс хоорондын тээвэрлэлтийн зарим асуудлаар төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болов.
Тус уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ахлан ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ, ГЕГ, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Хилийн боомтын үндэсний зөвлөл зэрэг төрийн байгууллагууд, “МИАТ” ХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон хувийн хэвшлийн 17 компанийн төлөөлөл оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсын төмөр зам, иргэний нисэх, автотээврийн салбарын тээвэрлэлтэд үүсч болзошгүй эрсдэл, сорилтууд, тэдгээрийг даван туулах төлөвлөгөө, гарц, шийдэл, тээврийн шинэ коридоруудыг нээн хөгжүүлэх хувилбаруудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд найдвартай хүргэх, стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнийг шуурхай татан авахад тээврийн салбар чухал үүрэг гүйцэтгэх болохыг онцлон тэмдэглэж, нийлүүлэлтийн найдвартай сүлжээг хангах чиглэлд төр, хувийн хэвшлийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов.