С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Бат-Эрдэнэ: Дарханы замтай холбоотой 16 вагон ачаа орж ирсэн
Замын-Үүд болон бусад боомтуудад зохион байгуулж байгаа ажил, нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас ээлжит мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус яам дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар хилийн есөн боомт ажиллаж байна. Үүнээс Гашуунсухайт боомтыг өнгөрсөн долоо хоногт "бөмбөлгийн горим" шинээр үүсгэх, нягтруулах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах чиглэлээр дахин зохион байгуулалтад оруулсан. Тус боомтоор өдөрт 230 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байна.
Замын-Үүдээр 3000 гаруй чингэлэг тээврийг зөөж оруулсан. Тээврийн хэрэгслийн чингэлэг солилцоог сайжруулах, бараа таваарын эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хилийн цэгийг өргөтгөх асуудлыг хоёр талаасаа ярьж байна. Замын-Үүдээр орж ирж байгаа бараа материалын ихэнх хувийг барилгын материал, хүнс, гэр ахуйн бүтээгдэхүүн.
Чингэлэг тээврийн үнэ тариф өссөн гэж байна. Үүнийг мэдээд засаг төрөөс энэ бүх зардал, ачааллыг иргэдэд үүрүүлэхгүйн тулд өөр дээрээ авч байна. Иймд, тэг цэгээс бүс нутгийн ложистикийн төв хүртэл тээвэрлэлтийг төр өөрөө хариуцан явуулна. Үүнд сард 2-3 тэрбум төгрөгийн зардал гарч байна.
Урд хөрштэй овор ихтэй ачааг хэрхэн оруулж ирэх талаар ярилцаж байна. Эрдэнэт үйлдвэр цахилгаан станцын хэрэгслийг авто тээвэр болон төмөр замаар дамжуулан оруулж ирэхээр болсон. Дарханы замтай холбоотойгоор 16 вагон ачаа орж ирээд байна.
Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа барааг сугалаагаар оруулж ирж байгаад иргэд бухимдалтай байна. Гэвч энэ бол Монголын талаас бус урд талд хийгдэж байгаа ажил. Хятадын сугалааны зарчимд тулгуурлаж хийсэн аппликейшныг ашиглан ил тод байдлаар зохион байгуулж байгаа. Энэ бол урд хөрш хариуцан хийж байгаа ажил.
Задгай тээврийн асуудлыг урд хөрштэй ярьж байгаа. Гэвч Хятадын зүгээс одоо халдвар хамгааллын дэглэм буураагүй байгаа тул задгай тээврийн яриа хэлэлцээ байхгүй гэдгийг илэрхийлж байна” гэдгийг онцолжээ.