Орхонд цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоног зогсоолоо

Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14 буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна.  

Аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн 16 хувийг бага насны хүүхдүүдийн томуу томуу төст өвчлөл эзэлж байгаа аж. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 50 ортой хүүхдийн эмнэлэгт 262 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 0-5 насны хүүхдийн өвчлөл 92.2 хувийг эзлээд байгаа юм.

Ингэснээр бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн ачаалал тав дахин нэмэгдээд буй. Нийт 29 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлэг 64 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.