С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ГЕГ: Иргэн Ю бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн
Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Олон нийтийн сүлжээнд иргэн Ю Гаалийн ерөнхий газартай холбоотой санал гомдлыг илэрхийлээд байсан юм.
Мэдээллийн эхэнд тус газрын Хуулийн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир "Гаалийн харилцаанд оролцох иргэнд нэг л үүрэг байдаг. Улсын хилээр нэвтрүүлж байгаа ачаа, бараагаа үнэн зөв мэдүүлэх ёстой. Цахим мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээллийн хувьд иргэн Ю бараагаа гаальд мэдүүлсэн боловч, бидний хяналт шалгалтын явцад дутуу мэдүүлсэн нь илэрсэн. Бараагаа 4-5 дахин дутуу мэдүүлсэн. Тиймээс гаалийн байгууллага иргэн Ю-тэй холбоотой 307 боодол ачааг шалгахад 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Үүний цаана шалгагдаагүй 122 ачаа байна. Дахин шалгахад, хэр их дутуу мэдүүлэг байгаа гэдгийг мэдэхгүй байна. Иргэн Ю фэйсбүүк дээр бичлэг хийх явцдаа "Гаалийн байгууллага иргэдийг маш их хүндрүүлж байна. Долоо хоног миний ачааг шалгалаа" гэж байсан. Гэхдээ иргэн Ю-г өөрийг нь ачаагаа ирээд шалгуул гэхэд шалгуулаагүй, мөн хяналт шалгалтын үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар саад учруулахыг завдсан.
"Чингис хаан" нисэх буудалд өдөртөө дунджаар 4-5 онгоц тогтмол буудаг. Эдгээр онгоцтой холбоотой ачаа бараанд бид мэргэжлийн тоног төхөөрөмжөөр шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Тус иргэний хувьд гаальд мэдүүлсэн байдал нь ачааны бодит байдалтай нийцэхгүй байгаа учир нарийвчилсан хяналт шалгалт хийсэн" гэв.