С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Болд: Урамшуулал авсан бүх хүн буцааж төлнө
Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн удирдах албан тушаалтнууд 790 сая төгрөгийг урамшуулал нэрийн дор өөрсдөдөө олгосон зөрчлийг Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас нь илрүүлжээ. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд үйлдвэрийн дэд бүтцийн нэг болох 27 км төмөр замын бүтээн байгуулалтыг УБТЗ нийгэмлэг хариуцаж ажилласан байдаг. Хачирхалтай нь, эл төмөр замыг барьж, байгуулсан гэх үндэслэлээр нэр бүхий 15 хүнд 40-65 сая нийт 790 сая төгрөгийн урамшуулал олгосон нь шалгалтаар ил болоод байгаа юм.
Тус нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас харьяа аж ахуйн нэгжүүдээ жил тойрч шалгадаг аж. Энэ хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар дээрх зөрчлийг ирлүүлсэн байна. Уг албаны дарга Д.Болдын хэлснээр УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн зүгээс хэмнэлтийн горимд шилжсэн энэ цаг үед урамшуулал олгох нь хууль бус гэж үзэн буцаан төлүүлэх шийдвэрийг гаргажээ. УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу тус албанаас урамшуулал авсан бүх хүнд акт тавьж, эргэн төлүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар Орос талын удирдах албан тушаалтнууд нь авсан урамшууллаа буцаан төлжээ. Эдийн засгийн нөхцөл байдал, хэмнэлтийн горимд шилжсэн энэ цаг үед шагнал урамшууллыг бага болгох, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэлснийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Д.Болд онцолжээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр УБТЗ даргагүй явсан хугацаанд уг санхүүгийн зөрчил гарсан бололтой.