С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
З.Мэндсайхан: Хүнсний ногоо үйлдвэрлэгчдийг дэмжинэ
З.Мэндсайхан сайдын ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр танилцуулсан мэдээллээс онцлон хүргэж байна.
Хоршоологчид, хүнсний ногоочдод хөнгөлөлттэй зээл олгож дэмжинэ
Энэ жил хоршооллыг дэмжихэд 20 тэрбум төгрөг, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар зорьж байна. Энэ зорилтын хүрээнд анх удаа хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Мөн хүнсний ногооны ил талбайн 6 төрлийн таримал (саримс, сонгино, хоёр төрлийн манжин, лууван, байцаа)-ыг урамшуулалтай болгохоор ярилцаж байна. Засгийн газар хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хараат байдлыг хязгаарлах чиглэл рүү эргэлтийн хөрөнгөөр, үнийн зөрүүнээс үүссэн урамшууллын бодлогоор буюу үр тарианы урамшуулалтай ижил нөхцөлөөр хүнсний ногоочдыг дэмжинэ.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд гурван үндсэн асуудлыг хууль эрх зүйн хувьд шийднэ
Энэ жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гурван үндсэн цогц асуудлыг хууль эрх зүйн орчинд шийднэ. Нэгдүгээрт, зөвхөн дотооддоо тосны ургамал тариалж байгаа үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлнө. Хоёрдугаарт, газар тариалангийн бүс нутагт малын тоо толгойн албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ бол тариаланчид руу чиглэсэн Засгийн газрын томоохон дэмжлэг юм. Гуравдугаарт, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль байгаа. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих санг өөрчлөн зохион байгуулна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн хөгжлийг илүү бодитой, зорилтот зах зээлдээ хүрдэг болгохын төлөө тус санг аж ахуйн тооцоотой үйлдвэр болгоно.
Дархан арьс ширний цогцолборыг 2024 оноос өмнө ашиглалтад оруулна
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж, олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолбор”, “Шинэ ховд үйлдвэрлэл, технологийн парк” төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Дархан арьс ширний цогцолборын техник, эдийн засгийн үндэслэлийг Италийн Имагро групптэй хамтран боловсруулж дууссан. Тус цогцолбор нь нийтдээ 4 сая бог, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. Энэ үйлдвэрийг үе шаттайгаар барьж 2024 оноос өмнө ашиглалтад оруулна.
Ховд үйлдвэр технологийн паркийн хувьд баруун бүсэд босоо болон хэвтээ тэнхлэгийн замын уулзварт, хойд урд хөршийн дэд бүтцийн давуу талыг харгалзан Ховд аймагт энэ төслийг эхлүүлсэн. Төрийн зүгээс тус паркийн дэд бүтцийг нь барьж өгөөд баруун бүсийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бизнесээ явуулах орчныг нь бүрдүүлж өгөхөөр зорьж байна. Эхний ээлжид ноос ноолуур угаах чиглэл рүү дэд бүтцийг нь бий болгож өгнө.
Ноос, сүү, улаанбуудайн урамшуулалд 59 тэрбум төгрөг олголоо
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын хүндхэн жилд малчид, тариаланчдын үйл ажиллагаа, орлогыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих хүрээнд 91 мянган малчин, мал бүхий этгээдийн ноос бэлтгэлд 32,4 тэрбум төгрөг, 9 мянган малчин, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн шингэн сүү нийлүүлэлтэд 4,2 тэрбум төгрөг, 776 иргэн, хуулийн этгээдийн стандартын улаанбуудай үйлдвэрлэлд 22,7 тэрбум төгрөг, нийт 59,3 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулалыг тус олголоо.
Сүүлийн 30 жилд аваагүй ургац хураан авлаа
Өнгөрсөн онд 404.3 мянган га-аас 605.6 мянган тонн үр тариа, 18.5 мянган га-аас 181.5 мянган тонн төмс, 9.4 мянган га-аас 118.6 мянган тонн хүнсний ногоо, 106.9 мянган га-аас 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 90.3 мянган га-аас 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонн, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонн, тэжээлийн ургамал 130.8 мянган тонн, тосны ургамал 32.3 мянган тонн, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус нэмэгдэж, нийт хураан авсан ургацаар 1989-1990 оны түвшний амжилтыг бататгаж чадлаа.
Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл чухал ач холбогдолтой арга хэмжээ болов
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд 650 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлүүлсэн. Үүнээс ноолуур бэлтгэлийн зээлд 94.9 тэрбум, ноосны хөнгөлөлттэй зээлд 3.2 тэрбум, арьс ширний хөнгөлөлттэй зээлд 13.2 тэрбум, хаврын тариалалтын зээлд 43.3 тэрбум, махны нөөц бүрдүүлэхэд 97.6 тэрбум, улаан буудай, тосны ургамал худалдан авах зориулалтаар 42.4 тэрбум, малчдыг дэмжихэд 199.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон нь чухал ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.