С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас баржээ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих үүрэг бүхий Түр хороо хуралдлаа.
Хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссоос хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцуулжээ.
Манай улсад энэ сарын 14-ний өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийт 2105 иргэн нас барсан. Нас барагсдын 1677 нь архаг суурь өвчтэй байжээ.
Архаг суурь өвчний дотор зүрх судасны өвчин хамгийн өндөр буюу 1264 байсныг Шадар сайд тэмдэглэв. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт хүн амын
- 69.8 хувь вакцины нэгдүгээр тунд,
- 66.8 хувь хоёрдугаар тунд,
- 31.6 хувь гуравдугаар тунд хамрагджээ.
Төгсгөлд нь Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр коронавирусийн шинэ хувилбарын тандалт хийх лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, коронавирусаар өвдсөн хүмүүсийг зохих эмчилгээ, сувилгаанд хамруулах чиглэлээр дэлхийн чиг хандлагыг судалж, тодорхой бодлого хэрэгжүүлэх, шинэ хувилбар гарч болзошгүй учир эрсдэлд үргэлж бэлэн байж, хүн, хүчний нөөцөө бүрдүүлэх, коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн дүнд аудит хийж дууссанаар, дүнг Улсын Их Хуралд танилцуулах зэрэгт анхаарч ажиллахыг чиглэл болгов.