С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын ээлжит V зөвлөлдөх уулзалт болов
Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын ээлжит V зөвлөлдөх уулзалт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.Сидиков нар ахалж оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцааны 30 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан харилцан баяр хүргэж, энэхүү түүхэн ойн хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө байгаагаа нотлов.
Талууд Монгол, Узбекистаны улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Тухайлбал, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хэлхээ холбоог дэмжих зэрэг асуудлаар ярилцав.
Мөн хоёр талын харилцааны эрх зүйн орчинг сайжруулж, холбогдох баримт бичгүүдийг эцэслэн тохиролцох, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлуудаар мэдээлэл солилцов.