С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Тэгш хамруулан сургах төслийг хэрэгжүүлэх 76 сая иенийг олгожээ
2021 оны санхүүгийн жилд Японы ТББ-тай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих ба энэ жил 2 дахь жил нь юм. Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахын тулд дунд ангийн багш нарыг сургаж бэлтгэх, орон нутагт түгээн дэлгэрүүлэх, бодлогын зөвлөмжид тусгах үйл ажиллагааг Японы Хүүхдийг Ивээх Сан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Элчин сайд Х.Кобаяши "Өнгөрсөн жил Япон Улсын Засгийн газар Японы хүүхдийг ивээх сангийн “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр сонгосон. Уг төсөл нь эхний жилдээ амжилттай хэрэгжсэн учраас төслийн хоёр дахь жил болох энэ жил Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон Өвөрхангай, Ховд зэрэг аймгийн сургуулиудад хэрэгжих тэгш хамруулан сургах үйл ажиллагаанд зориулан 76 сая иений санхүүжилтийг олгож байна.
Монгол Улсын боловсролын салбарын хувьд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа эрэгтэй сурагчдын тоо цөөн, үндэстний цөөнхөд хамаарагдах хүүхдүүд монгол хэлтэй сургууль сурахад бэрхшээлтэй тулгардгаас сургууль завсардах, сурлагын хоцрогдол үүсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин бүрдээгүй зэрэг асуудлууд ажиглагддаг. Эдгээр асуудал нь анги дэвших тусам шийдвэрлэхэд хүндрэлтэй болох хандлагатай байдаг. Зөв цагт нь зөв арга хэмжээг авах нь чухал юм. Уг төсөл нь эдгээр асуудлуудыг шийдэхэд чиглэгдэж, хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна" гэв.
Гарын үсэг зурах ёслолын дараа Элчин сайд Х.Кобаяши, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь менежер,суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон уг ёслолд оролцсон боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй (БШУ-ын яамны ахлах мэргэжилтэн Б.Гэрэлтуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын 79-р сургуулийн захирал З.Тунгалаг, Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургуулийн захирал Ч.Алтансүх, Нийслэлийн ерөнхий боловсролын 37-р сургуулийн захирал Ч.Дугармаа) боловсролын салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.