МИАТ компани Монголын баг тамирчдад хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх үүрэг хүлээлээ

Монголын үндэсний олимпын хороо үндэсний хэмжээнд салбарын шилдэг компаниудтай олимпын түншлэлийн гэрээ байгуулан ажилладаг. Үүний хүрээнд “Парис-2024” олимпын наадмыг угтаж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол Олимпик хауст болж өнгөрлөө.

Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч. Наранбаатар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир болон албаны бусад хүмүүс оролцов.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тив, дэлхийн томоохон тэмцээн уралдаануудад Монгол Улсын тамирчдаа дэмжин ажилладаг. Харин энэхүү санамж бичгийг байгуулснаар МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага болж, олимпын бэлгэдэл, логог ашиглах албан ёсны эрхтэй болох юм.

Мөн тив, бүс, олимпын наадам болон олимпын эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тамирчдад хөнгөлөлттэй тарифаар үйлчлэх үүрэг хүлээж байна.

Хамтын ажиллагааны гэрээ Парисын олимпын мөчлөг дуустал буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.