С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Сумъяабазар: Хүүхдийн паркийн хашаанд ямар ч оффис, орон сууц барихгүй
Нийслэлийн Засаг дарга 2022 оныг "Иргэн төвтэй жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 188 байршилд 4800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд буй. Тэгвэл Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийн хашааг нурааж, нийтийн эзэмшил, цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хүүхдийн парк хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн нэртэй 1966 онд ашиглалтад орж байсан. Энэ газарт нэг ч барилга байгууламж нэмж барихгүй. Ногоон байгууламжаар ашиглана. Ногоон байгууламж нэмж зүлэгжүүлэлт хиймээр байна. Барилга байгууламж барих эсэх асуудал дээр иргэдийн саналыг сонсож байж зөвшөөрөл өгөх ёстой. Энэ ажил 2021 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байсан бол энэ онд 900 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт буюу 31 дахин нэмсэн. Тиймээс шуурхай ажиллах хэрэгтэй.
Хүүхдийн паркийн хашаанд ямар ч оффис, орон сууц барихгүй. Нийслэлд хийсэн ажлуудад сэтгэл дутах биш хөрөнгө мөнгө дутдаг байсан. Иргэдийн хяналт сайжирсан, ард түмэн харж байна. Бид энэ газрыг хамгаалах үүрэгтэй. Одоо хотын төвд барилга байшин барих нь амаргүй болсон шүү. Тиймээс иргэдийн саналыг асууж байж барих хэрэгтэй. Харин энэ жилээс төсвийг 30 дахин нэмэгдүүлсэн тул хариуцлагатай, гүйцэтгэх ажлын хяналттай явуулна. Дараа нь хууль хяналтын байгууллагад дуудагдахааргүй юм хийх ёстой" гэжээ.