Мод үржүүлгийн газрын төлөөллүүдтэй уулзлаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мод үржүүлгийн жишиг газар дахь агро паркын үйл ажиллагаатай танилцах үеэр “Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо”-ны гишүүн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
"Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо" ТББ-ын гишүүн байгууллага буюу мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагын доорх төлөөллүүд уулзалтад оролцож, МУ-ын ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал, бодлоо хуваалцан байр сууриа илэрхийллээ.
Мөн ойн болон усны инженер, залуу эрдэмтдийг бэлтгэхэд салбарын яамны бодлого үгүйлэгдэж байгааг дурдлаа. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааны бүх шатанд хяналтыг сайжруулж, иргэдийн оролцоог дэмжиж өгөхийг хүслээ.
Түүнээс гадна мод тарихаас гадна арчилгааг эзэнжүүлэх нь чухал гэдгийг онцлоод үүнийг дагасан ажлын байр, худалдааны суваг, хууль, эрх зүйн орчин, төр иргэний итнэлцлийг бэхжүүлэх замаар эдийн засгийг дэмжих боломжийг ажил хэрэг болгож өгөхийг хүссэн.
Мөн тарьц, суулгацын борлуултын сувгийг тодорхой болгож жижиг аж ахуй нэгжийг дэмжиж, мод үржүүлэг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн зах зээлийг тэлэх, санхүүгийн бодит дэмжлэгийг бодлогоор зангидаж, иргэддээ ойртож ажиллахыг уулзалтад оролцогчид ярьж, хөндөж байлаа.