Гэртээ хүүхдээ өсгөөд өөрийгөө цалинжуулаад амьдарч байна

Эмэгтэй хүн бүхэн өөр өөрийн гэсэн сонирхолтой. Гэхдээ ганцхан зүйл дээр санаа нэгддэг. Тэр нь дэлхийн хаанаас ч хамаагүй хамгийн гоё, чамин чанартай дэгжин сувинерийг хайж олж, худалдаж аваад гэрийнхээ хаа нэг хэсэгт хачин дэгжнээр байрлуулдаг. Энэхүү сонирхол нь явсаар үзэсгэлэн зохион байгуулах хэмжээнд хүртэл цуглуулгатай болсон хүн ч бий. Зарим нь яг цав нэг төрлийг дагнаад нэлээд олныг өрчихсөн харагдаг. Үүн шиг гаднын орноос нэмүү өртөг шингээж орж ирдэг хэт өндөр үнэтэй сувинер болон олон төрлийн гоёл чимэглэлийг худалдаж авах шаардлагагүй болжээ. Учир нь,  Д.Амарбаясгалан бүсгүй гэртээ хоёр хүүхдээ харахын хажуугаар “Декупаже” урлалыг эх орондоо хөгжүүлж байна. Түүний урлангаас дурдахад лааны суурь, ваар тавгийн хослол, ханын чимэглэл, хослол, цайны байшин, хуурай цаасны суурь, хундагтай виноны хос, түлхүүрийн оосор, алчуурны өлгүүр, утасны тавиур зэрэг өнгө  загварын өргөн сонголттой бүтээлийг харах боломжтой. Хаан банкинд дөрвөн жил эдийн засагчаар ажиллаж байгаад дикретээ авсан тэрээр жилийн хугацаанд энэ бүгдийг урлаж сурчээ. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийн цахим хуудсаар дамжуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж, өөр олон ээжид сургалт явуулж, сурсан зүйлээ зааж өгнө гэдэг баргийн хүний хийх ажил биш.

“Манай гэрээс хог бараг л гардаггүй ээ. Уусан ундааныхаа сав, арилгасан ногооныхоо хальс, өндөг, шил, хуванцар, цаас, саван, мод, чулуу зэрэг урлал хийхэд хэрэгтэй бүхнийг ашигладаг. Гэртээ байгаа хуучирсан ваар, таваг, аяга виноны шилээ чимэглээд хэрэглэж болно. Хуучирсан гээд хаях шаардлагагүй. Харин ч бүр илүү гоё болгоод хэрэглэх боломжттой. Эмэгтэйчүүд энэ гутал, цүнхний өнгө нь онцгүй болоод муудчихлаа. Дахиад авъя гэдэг. Тэгэх шаардлагагүй. Зориулалтын будгаар нь будуулж, чимэглүүлээд дахиад хэрэглэх боломжтой” хэмээн тэрээр ярилаа.

Ингээд урлаач бүсгүйтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-Таны хийсэн бүтээл үнэхээр гоё юм. Хийхэд тодорхой хэмжээний ур дүй шаардана биз?

 -За нэг аягыг чимэглэё гэж бодъё. Зориулалтын архины төрлийн ариутгагч шингэнээр арчиж, маш сайн цэвэрлэнэ. Арчиж, цэвэрлэхгүй шууд будчихвал цаг хугацааны явцад элэгдээд муудчихдаг. Тэгэхээр цэвэрлэгээ их чухал. Нэг л хийж байгаа юм чинь бүтээлээ чанартай, насан туршдаа хэрэглэх хэрэгтэй. Сайн цэвэрлэсний дараа будгаараа 3-4 удаа давхарлаж будна. Будах техник гэж бий. Будчихаад хатахын хүлээгээд дараагийн будалтаа хийдэг.  Будаг нь сайн хатсаны дараа зориулалтын зурагтай сальфитекаа нааж,  зүлгүүрдэх газрыг нь зүлгүүрдээд дахиад 3-4 удаа лакдана. Өөрийнхөө сонирхсон зургаа наагаад өөрөө зохион бүтээгч болоод, дизайнаа гаргаад хийж болно. Аяга, тавагаа хэрэглэх бол хэдэн зуун удаа лакддаг.

-Бүтээлээ хийхдээ ихэвчлэн эко материал ашигладаг гэсэн?

  -Зориулалтын эко лак, будаг байдаг. Материалаа маш зөв сонгох чухал.

-“Энэ  хувцас хуучирчихсан. Өмсөхгүй дахиад шинийг авлаа” гэх хүмүүс их болчихсон. Та хувцсаа шинэ болгоод өмсөх боломжтой гэсэн. Яаж шинэчилдэг юм бол?

  -Ер нь бол юуг ч шинэчилж болно. Хуучирсан гутал, цүнх тэрч бүү хэл ариун цэврийнхээ өрөөний пельтанан хана, ариун цэврийнхээ почикийг хүртэл гоё болох боломжтой. Цамцыг гэхэд гоёж болно. Зориулалтын зураг наагаад, хувцасны лакаар лакдчихна. Гутлыг гэхэд будаад, “Декупаже”-ээд лакдаад өмсч болно.

-Нэг захиалгыг хэр хугацаанд хийдэг вэ. Борлуулалт ямар байна?

  -Ямар бүтээл хийхээсээ шалтгаалаад харилцан адилгүй. 2-7 хоногийн хугацаанд урладаг. Зарим захиалагчид “яаралтай хэрэгтэй маргааш гаргаад өгөөрэй” гэдэг. Тэгэхээр өдөржин, шөнөжин суухаас өөр аргагүй болно. Захиалгачийнхаа итгэлийг алдахгүйн тулд шөнө унтахгүй хийх тохиолдол олон. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг дурлаад хийхээр цаг хурдан өнгөрдөг. Гар урлалыг одооноос хүмүүс мэдэж, сонирхож эхэлж байна. Маш их хөдөлмөрлөж нэг бүтээл зардаг.

-Материал нь хэр үнэтэй байдаг вэ. Бүтээл хийхэд ордог материалаа хаанаас авч байна?

 -Хятад материал харьцангуй боломжийн үнэтэй.  Гэхдээ чанарын шаардлага хангаж чаддаггүй. Тиймээс Америк, Гярман, Англиас орж ирдэг материал хэрэглэдэг. Хүмүүсийнхээ захиалгыг сайн чанартай материалаар хийж өгнө. Тэгэхгүй бол захиалагчгүй болно шүү дээ.

-Сургалт хийдэг гэсэн. Хамрагдах хүсэлтэй хүмүүс яаж холбогдох вэ. Одоогоор өөрийн гэсэн шавьтай болсон байх?

  -Хийсэн бүтээлээ өөрийн фэйсбүүкт байршуулахаар эзэгтэй нар их сонирхоод захиалга өгч эхэлсэн. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд яаж хийдэг вэ, заагаад өгөөч гэдэг болохоор гэрээрээ сургалт явуулж эхэлсэн. Хэн, хэнд нь ашигтай бизнес. Сургалт заасан мөнгөө гэр бүлийнхээ төсөвт зарцуулна. Сургалтад хамрагдсан ээж гэртээ байгаа хуучирч муудсан сав суулга, хүүхдийнхээ тоглоомыг хүртэл чимж янзлаад шинэ болгоод авчихана. Нэг сурчихсан байхад насан туршийн хэрэглээ болно гэсэн үг.

-Нууц биш бол сардаа хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

  -Янз бүр л байдаг. Орлого сайтай бол сард 500-600 мянгыг олно. Хамгийн багадаа 300 мянга гаруй төгрөгийн орлоготой байна. Гэртээ хүүхдээ өсгөөд өөрийгөө тодорхой хэмжээний мөнгөөр цалинжуулаад амьдраад байна. Шинэ жил, Цагаан сараар олон сайхан бүтээл гаргах гээд л төлөвлөгөө гаргаад, эхнээс нь хийгээд эхэлсэн. Урлалаа гэр бүлийн бизнес болгохоор зорьж байна.  Хятад гар урлал болон сүвинерээс татгалзах хэрэгтэй. Харин ээжүүд бидний хийсэн эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээлийг авч хэрэглээсэй гэсэн бодолтой явдаг.

-Таны бүтээлийг худалдаж авах гэхээсээ бусдад бэлэг болгож өгөх хүн олон байх?

    -Өнгөрсөн жилийн Цагаан сараар аав ээж дээрээ ирж золгодог бүх хүний бэлгийг өөрийнхөө гараар бэлдсэн. Монголчууд Цагаан сарынхаа бэлгэнд хамаг мөнгөө үрээд дуусгадаг юм шиг санагддаг. Материалаа аваад бэлэг хийсэн нь хамаагүй хямд тусдаг санагдсан.

-Нөхөр тань гар урлалыг хийж эхлэхэд яаж хүлээж авсан бэ. Гэр бүлийн бизнес болгох зорилготой гэсэн. Бизнес хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. Та ЖДҮ-ийн зээлд хамрагдаж чадсан уу?

  -Нөхөр бид хоёр  энэ урлалыг хөгжүүлээд, гэр бүлийн бизнес болгохыг зорьж байгаа. Захиалга орж ирэхээр нөхөр маань бэлдэцийг нь хийж өгөөд, би өөрөө будаж, лакдаж, гоёж чимэглэдэг. Уг нь ЖДҮ-ээс таван сая төгрөгийн зээл авахаар төсөл бичээд өгсөн юм.  Гэвч татгалзсан хариу авсан. Монголын ирээдүй болсон залуучууд бид хийсэн бүтээлээ үзүүлээд, төсөл бичээд зээл авч чадахгүй байхад УИХ-ын гишүүд хэдэн зуун тэрбумаар нь зээл аваад хувьдаа ашиглаж байгаа тухай мэдээ харсан. Үнэхээр тийм бол залуу хүний хийе бүтээе гэсэн сэтгэлийн галыг унтрааж байгаа юм. Зээл авсан хүний ажлын бүтээмж нэмэгдэж, ажилдаа хариуцлагатай хандаж эхэлдэг. Амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхдээ сайхан амьдруулахын тулд залуучууд зүтгэдэг. Хамгийн гол нь төр засаг нь дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ урлалаа бизнес болгохыг зорьж  байна. Зөвхөн пэйжээр дамжуулаад зарах биш. Олныг хийгээд массаар зарна гэж төлөвлөөд ажиллаж байна.

                                                                                                                   С.Ичинхорлоо