С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын 2009 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баталсан бөгөөд шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах процессыг бие даасан хуулиар зохицуулах болсон. Үүнээс хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон боловч хуулийн агуулга, үзэл баримтлал өөрчлөгдөөгүй, харин нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулийн зүйл, заалт, хэсгийн логик уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим нэр томьёог өөр өөрөөр томьёолсон, мөн зарим зохицуулалт хангалттай бус байгаагийн зэрэгцээ шинэ төрлийн шинжилгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцууллаа. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу дүндэслэл, шаардлагад үндэслэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулжээ.
Төслөөр шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна. Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтуудыг, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтад хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан гэв. Түүнчлэн Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад хийх шинжилгээний зарим онцлог зохицуулалт болох инженер-техникийн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээнд хийх шинжилгээ, цахим технологийн шинжилгээ хийх зохицуулалт, журмыг шинээр тусгахаар төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөлд мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох, уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаж, энэ хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгажээ.
Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт, шүүх шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо, шинжилгээний байгууллагын ажилтны эрх зүйн байдлыг шинээр томьёолон оруулж, алба хаагчийн баталгааг нарийвчлан тодорхойлох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг мөн Х.Нямбаатар сайд танилцуулав.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. Шинжээчийн нэгж шинжилгээнд зарцуулах хугацаа багасах, шинжилгээ хийх хугацаа тодорхой болох, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх боломж бүрдэж, шинжилгээний үр дүн бодитой болоход нөлөөлөх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохтой холбоотой зохицуулалтыг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг нар шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус статусын талаар асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, шүүхийн шинжилгээний хариуг санаатайгаар өөрчилсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг тодорхой болгох шаардлагын талаар болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.