Ш.Болдыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр батламжиллаа

ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар академич Шаравын Болдыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгчөөр батламжиллаа.

Ш.Болд нь энэ сарын 11-ны өдөр болсон МАУА-ийн ерөнхийлөгчийн сонгуулиар  96 хувийн саналаар МАУА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Ш.Болд нь 1993 онд Монгол Улсын Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаах ухааны ангийг төгсөж, хүний их эмч мэргэжил эзэмшжээ.

1998 онд АУИС-д анагаах ухааны докторын, 2005 онд анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 2006 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртсэн. 2008 онд МАУА-ийн гишүүн, 2011 онд  Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр тус тус сонгогджээ.

1985-1987 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Бөөр, чих хамар хоолойн тасагт асрагч, 1993-2000 онд Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, тамгын хэлтсийн дарга, 2000-2006 онд Монгол, Солонгосын Дорны анагаах ухааны төвийн захирал, 2006-2017 онд “Ач” АУИС-ийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, тэнхимийн эрхлэгч, 2014-2017 онд Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Боловсрол эрхэлсэн дэд захирал, тэнхимийн эрхлэгч, 2017 оноос АШУҮИС-ийн МАУОУС-ийн профессор, 2022 онд МАУА-ийн чуулганаар гишүүдийн саналаар МАУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдов.  Улсад 33 жил ажилласан. Англи, төвөд, орос хэлтэй.

Бүтээлийн товчоон: Нийт 900 бүтээлтэй. Үүнээс: 90 гаруй ном, сурах бичиг, тэдгээрийн 24 нь гадаадад буюу гадаад хэлнээ хэвлэгджээ (англи хэлнээ 12 ном, япон хэлээр 1, төвөд, монгол хэлээр 9, монгол бичгээр 2 ном). 600 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж хэвлүүлсэн. 200 гаруй илтгэл, өгүүлэл нь англи, хятад, япон, солонгос, орос хэлнээ хэвлэгдсэн. Түүнчлэн стандарт- 9, санал, зөвлөмж, хөтөлбөр-18, төсөл 11-ийг хэрэгжүүлжээ. 2022 онд SCOPUS-т бүртгэлтэй IF:3.390, “International Journal of Environmental Research and Public Health” сэтгүүлд хэвлүүлсэн “Attitudes towards Mandatory Occupational Vaccination and Intention to Get COVID-19 Vaccine during the First Pandemic Wave among Mongolian Healthcare Workers: A Cross-Sectional Survey” эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл хэвлүүлсэн нь эхний 3 сарын дотор 517 эшлэл авагдсан байна.

100 гаруй судлаачийн докторын (Ph.D) болон магистрын ажлыг удирдаж хамгаалуулжээ.

Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болдын эрдэм судлалын ажлын үр дүн нь Монголчуудын өвөг дээдсийн хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээсэн анагаан засах, эрүүл амьдрах урлагийг олон улсад сурталчилах, анагаах ухааны ховор ном судрыг судалгааны эргэлтэд оруулах, эмч нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, анагаах ухааны салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хүн амд өвчингүй эрүүл амьдрах мэдлэг, дадал, амьдралын зөв хэвшил, хандлагыг бий болгох, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар төр, засгаас явуулж буй үйл ажиллагааг дэмжихэд дорвитой хувь нэмэр оруулсан бүтээлүүд юм.

Х.Номин-Эрдэнэ