С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Жавхлан: ОХУ-д 180 сая ам.долларын шатахууны төлбөр хийсэн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "ОХУ, Украинтай үүссэн зэвсэгт мөргөлдөөний талаар болон түүнээс орж буй эдийн засгийн, бусад нөлөөллийг судлах, сөрөг нөлөөг сааруулах, хохирол бага амсах талаар холбогдох яамд мэдээллээ нэгтгэж, ярилцаж байна. ОХУ-ын эсрэг улс орнуудын хэрэгжүүлж буй санкцууд манай улсад тодорхой хэмжээнд нөлөөлнө.
Эдийн засагт хэд хэдэн сувгаар нөлөөлж, хүндэрч болзошгүй. Эхнийх нь гадаад худалдаа. Үргэлж алдагдалтай явж ирсэн. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувь нь шатахуун.
"Роснефть" гэрээний дагуу нийлүүлэлт хийж байгаа. Төлбөрийн хувьд асуудалгүйгээр хийж байна. Гэвч хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180 сая ам.долларын шатахууны төлбөр хийсэн. Үүнийг тогтвортой хадгалж ажиллахыг хичээх болно.
Манай улс Засгийн газрын түвшинд хувь эзэмшигч болон олон талт хамтын ажиллагааны хөгжлийн түнш хэлбэрээр хувь нийлүүлэгч болж ажилладаг. Азийн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн банк, МБС, МИБ зэрэг банканд хувьтай. Эдгээрээс зарим нэг банк санкцтай нэгдэхээ илэрхийлсэн. Харин хувь нийлүүлэгчийн хувьд Монгол Улсыг зарим байр суурьтай байхыг асуусан.
Монгол Улс гадаад бодлогын хувьд нэг цонхны бодлоготой тул НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр суурь хэвээр гэдгийг мэдэгдсэн. Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. Экспортын хувьд шатахууныг зогсоох боломжгүй тул үйл ажиллагаа үргэлжилнэ. Төлдөг төлбөрөө төлсөөр байх нь. Экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Урд хөрш хязгаартайгаар бүтээгдэхүүн авч байгаа тул АМНАТ төдийлөн төвлөрөхгүй байна. "Эрдэнэс Тавантолгой"-н өгсөн мэдээллээр 280 орчим тэрбум төгрөгийг банкуудаас зээлж, төсөвт төлөх ёстой АМНАТ-аа төлнө. Экспорт төлөвлөсөн хэмжээнд явах, уурхайгаас олборлолт, тээвэрлэлтийг эхлүүлэх нь чухал байна. Экспорт нэмэгдэж байж валютын урсгал бий болно" гэв.