С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлэг болов
Сумын иргэдийг ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Нийтийн аж ахуйн болон төрийн үйлчилгээг иж бүрнээр тэгш хүртээх зорилготой “Сумын хөгжил: инженерийн дэд бүтцийн хангамж” төслийг 19 аймгийн 59 суманд хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан тус төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сагийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах хороо, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хил хамгаалах Ерөнхий газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, Усны газар, 19 аймгуудын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд, аймгийн Ерөнхий архитекторууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнууд, сумын Засаг дарга нар оролцож байна.
Төсөлд хамрагдах 59 сумыг “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн хүрээнд тодорхойлсон бүлэг суурингийн тогтолцоо, Үндэсний хөгжлийн газрын боловсруулсан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-той уялдуулан суурин хүн амын тоо, нийгмийн үйлчилгээний таталцал, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац болон багтаамж, хүн амын ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэрэг төвлөрөл үүсгэх хүчин зүйлүүдийг харгалзан сонгожээ.
Төслийг хэрэгжүүлснээр: Сумдын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, хөрсний бохирдлыг бууруулах, дулаан хангамж, хэрэгцээний халуун усаар тогтмол хангаж, нийтийн халуун усны үйлчилгээг хүн амд жигд үзүүлнэ. Мөн сумын төвийн орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7800 өрхийн 31.2 мянган хүн ам инженерийн дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох юм.