С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Бат-Эрдэнэ: Кубын биотехнологийг Монголд нэвтрүүлэх боломжтой
Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.03.31) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес Монгол Улсад ажиллахаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр Кубын Үндэсний Ассамблей дахь Куба-Монголын парламентын найрамдлын бүлгийн даргын мэндчилгээг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэд уламжлаад тааламжтай цагтаа Кубад айлчлахыг урив.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших 61 жилийн хугацаанд бэхжиж ирснийг тэмдэглээд Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдсонд баяртай буйгаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.
Тэрбээр, “Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэн. Куба улс нь олон жилийн өмнөөс манай оюутнуудыг Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульдаа суралцуулж ирсэн. Тэдгээр оюутнууд амжилттай ажиллаж, хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа. Цаашид хоёр улс шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэх, биеийн тамир, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр улсын харилцаанд эрүүл мэндийн салбар чухал байр суурь эзэлдэг уламжлалт салбар болохыг онцлон тэмдэглээд хоёр улсын хооронд байгуулсан санамж бичиг, гэрээ хэлэлцээрүүдийг бодит үр дүнд хүргэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн Кубын анагаах ухаан, ялангуяа биотехнологийн дэвшлээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, хуваалцах сонирхолтой байгаагаа уламжлав. Тухайлбал, Кубын эрдэмтдийн гаргаж авсан чихрийн шижингийн эсрэг биотехнологийн Хеберпрот бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэх, уг бүтээгдэхүүнийг хүртээмжтэй байлгах үүднээс эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах талаар анхаарч, хамтран ажиллахыг хүсэв.
Мөн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хоёр улсын парламент дахь эмэгтэй гишүүдийн хамтарсан цахим хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцож, салбар бүрийн харилцааг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа санал нэгтэй илэрхийллээ