С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Бялуугаар хүүхэлдэйн киноны баатар урлагч
Хүсэн хүлээсэн баяраа амтат бялуугүй төсөөлөхийн аргагүй. Элдэв янзын чимэглэлтэй, идэх хүслийг төртөл, хүссэн өнгө загвараар бялуу урладаг Ж.Тамирыг “Бүтээлч ээж” цувралдаа онцоллоо. Тэрбээр зургаан сартай нярайгаас зургаан нас хүртэлх хоёр охин, хоёр хүүтэй залуухан бас завгүй ээж. Зургаан жилийн дотор дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэж, Алдарт эхийн хоёрдугаар одонгийн болзол хангасан.
Сонирхолдоо хөтлөгдөн бялуу хийж сурсан нь хүн бүхний арааны шүлсийг асгаруулдаг амттан хийх сэдлийг төрүүлсэн гэдгийг тэрээр онцолж байв. Анх youtube-ээс бялуу хэрхэн хийх талаарх бичлэгийг үзэж, орц найрлагыг нь судалж, зааврын дагуу материалаа худалдан авч гэрийнхнээ дйалсан нь амттай гэх үнэлгээг авчирсан үргэлжлүүлэх сэдлийг өгчээ. Урмын сайхан үгэнд хөтлөгдөж, уйгагүй хийсээр ур дүй, амт чанар нь өдрөөс өдөрт сайжирсан байна. Олон хүүхэдтэй ээжийн хувьд орлого олж, амьдрал ахуйдаа нэмэрлэх үүрэгтэй. Тиймдээ ч бялууны захиалга авч эхэлжээ. Харин өдгөө өөрийн гэсэн олон захиалагчтай болжээ. Хүүхдийн төрсөн өдөр, хурим найр, баяр ёслолыг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч хүний амьдралын баяр хөөртэй нандин мөчид ширээний гол чимэг болдог бялууг, бялуу урлаачид өнгө үзэмж, загвар хийцийн өргөн сонголттойгоор хийдэг болсон. Бяцхан багачуудын үзэх дуртай “Пороро” хүүхэлдэйн киноны баатруудын дүрсийг л гэхэд нэг бүрчлэн хийдэг гэнэ. Хоол хүнс гэхээсээ илүү урлаг болтлоо хөгжсөн бялууг хийхэд гарын ур дүй, зурах авьяас мэдрэмж шаардагдах нь мэдээж. Хүмүүс бялуу хийх амархан, хэвэнд цутгаад л хийчихнэ гэж боддог бол эндүүрэл. Хэвэнд оруулна гэсэн ойлголт байхгүй. Захиалагч ямар бялуу хийлгэхийг хүснэ, яг л хүссэн загварынх нь бялууг хугацаа алдахгүй хийж өгөх шаардлага гардаг аж. Барбиг л гэхэд их бие, гар хөл, үс, нүд, хамар, ам, чих, даашинз гээд бүгдийг нь нэг бүрчлэн гараар хийдэг байна.Тухайлбал, сахилгагүй банди поророгийн дүрсийг хийхэд хоёр цаг болдог гэнэ. Тэгвэл түүний бүх найзууд болон бялуугаа хийж дуусгахад нэлээд хугацаа шаардлагатай нь мэдээж. Мэдээж ямар бялуу захиалснаас шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй. Өнөөдрийн байдлаар залуухан завгүй ээж маань 500 гаруй бялуу хийжээ. Би бялуу хийгээд гурван жил болж байна. Бялуу хийх сургалтад суугаагүй. Интернэтээс суралцсан. Маш олон удаа бялуу хийсэн. Оролдлого сайт оройд нь гэгчээр олон туршилт хийсний эцэст амт чанар, үзэмж сайтай бялуу хийж сурсан. Ихэвчлэн орос тортны захиалга авдаг гэж тэр хэлсэн. Гэрээр бялууны захиалга авдаг гэхээр ариун цэврийн шаардлагад нийцсэн газар хийдэг болов уу, ямар орц найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гэх асуулт гарч ирэх нь тодорхой. Энэ талаар Ж.Тамираас тодруулахад, “Ариун цэврийг маш сайн сахидаг. Учир нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хувь хүн МХЕГ-аас шинжилгээний болон ариун цэврийн бичиг авах ёстой байдаг. Миний хувьд дүүргийнхээ МХЕГ-т бялууныхаа дээжийг шинжлүүлж, бичиг авдаг” гэлээ.
Бялуу урлаач бүсгүй эмч мэргэжилтэй
Залуу хосууд хамтын амьдралаа хадмынхаа гэрт эхлүүлсэн. Том охиноо гаргаад хоёр сартайд нь Сонгинохайрхан дүүргийн Тахилтад хашаагүй зэлүүд газар гэр барьж, өрх тусгаарласан байна. “Тухайн үед Тахилтад цөөхөн айл байдаг байсан. Нялх хүүхэдтэй ч гэсэн хашаагүй газар гэрээ бариад хамтын амьдралаа эхлүүлж байсан болохоор аз жаргалаар дүүрэн байсан. Удалгүй өөрсдөө хашаа, байшин ч барьсан” гэж хуучлах. Амьдралаа тэгээс эхлүүлж бүхнийг өөрсдийн гараар босгох тусмаа амттай үнэ цэнэтэй байдаг гэх үг үнэн аж.
Түүний хань том машины инженер буюу засварчин мэргэжилтэй. Ажлаа хийхийн хажуугаар хово хэмээх машин худалдан авч халтуур хийж эхэлсэн нь тэдний амьдралд эергээр нөлөөлж, өөдлөн дэвших үүдийг нээсэн гэдэг. Хүн бүхэн хотын төвд өөрийн гэсэн орон сууцтай болохыг боддог. Тэд ч мөн адил хашаа байшингаа зарж, таньдаг хүнээсээ лизингээр байр авч, бусдын адил сайн сайхан амьдралын төлөө хөдөлмөрлөж буй залуу гэр бүл. Бялуу урлаач бүсгүй үе мөчний эмч мэргэжилтэй. Хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, ажиллаж яваад урт хугацааны амралт аваад нэлээд хугацааг өнгөрөөж буй. “Хүүхдүүдээ том болохоор мэргэжлээрээ ажиллана даа” гэж инээмсэглэн хэлэх түүнээс эх хүний хайр халамж, эмч хүний үүргээ биелүүлэх чин сэтгэл тодоос тод харагдаж байлаа.
Завгүй залуухан ээжийн гэр бүлийн журмыг бяцхан үрс нь ч мөрддөг
Зургаан сартайгаас зургаан нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй ээжийн нэг өдөр тун ч завгүй өнгөрнө. Өглөөний 06 цагаас тэдний нэг өдрийн амьдрал эхэлдэг гэнэ. Хүүхдүүдийнхээ ариун цэврийг сахиулж, хооллож, хувцаслаад аав нь том охиноо 07:30 гэхэд сургуульд нь хүргэж өгчихөөд буцаж ирээд цэцэрлэгийнхээ хоёрыг аваад гардаг байна. Харин Ж.Тамир бага хүүгээ хооллож, хуурайлаад гэрээ цэвэрлэж, хоол цайгаа уудаг аж. Гэрийн эзэгтэйн ажил ар араасаа ундарч, эмхэлж цэгцэлсээр, хийж бүтээсээр байтал нэг л мэдэхэд цагийн зүү 11-ийг заана. Том охины хичээл тарахаас өмнө нярай хүүхдээ хооллож, унтуулах үүрэгтэй. Унтуулчихаад байрныхаа хажууханд байрлах сургууль рүү гүйж очиж, охиноо авчихаад ирэхэд хүү нь сэрж таардаг гэнэ. Даалгаврыг нь хийлгэж, хүүгээ харж, гэрийнхээ ажлыг амжуулсаар байтал цэцэрлэгийнх нь хоёр тарах цаг болчихдог. Том охиндоо дүүгээ харах үүрэг өгөөд мөн адил ойрхон байх цэцэрлэг рүү яаран гүйнэ. Тайван алхаад явах үе бараг л байдаггүй гэж хөгжилтэйгөөр инээх юм билээ.Арга ч үгүй биз. Олон нялх хүүхдийг харж, халамжилж, хайрлаж, хүмүүжүүлнэ гэдэг хариуцлагатай ажил. Хүүхдүүдээ гэртээ авч ирээд л оройн хоолоо хийж байхад хань нь ирдэг. Халуун хоолоо ширээ тойрон идчихээд хэсэг телевизер үзээд 21:30 цаг гэхэд бүгд орондоо орж амарснаар тэдний нэг өдөр өндөрлөдөг байна. Аз жаргал, инээд хөөрөөр гэр бүлээ дүүргэж амьдарч яваа завгүй залуухан ээж Ж.Тамир гэрт гар утас хэрэглэхгүй хатуу дүрмийг чандлан мөрддөг. Түүний дүрмийг бяцхан гишүүд ч мөрддөг. Тэр ч бүү хэл хүүхдүүдийнхээ хүүхэлдэйн кино үзэх цагийн хуваарийг нарийвчлан гаргадаг гэх. Тэрээр “Хүүхэддээ гар утсаа өгч тоглуулах нь түүний ирээдүй, эрүүл мэндийг сүйтгэж байгаа хэрэг. Гар утас олон өвчний үндсийг тавьдаг. Хүүхдийн эд эсийг гэмтээнэ. Тиймээс эцэг, эхчүүд гар утасны хэрэглээндээ цагийн хуваарь гаргах хэрэгтэй. Гэртээ байхдаа утас хэрэглэхээ болимоор байгаа юм. Хүүхэдтэйгээ ярилцаж, хамт тоглох нь хөгжилд нь хэрэгтэйгээс гадна аав, ээж хүүхдийн харилцаанд эергээр нөлөөлдөг гэлээ.