С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Элчин сайд руу бичиг өгсөн ИТХ-ын даргад хариуцлага тооцно"
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Элчин сайдад албан бичиг явуулсан Засаг даргад хариуцлага тооцох тухайгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ.
Тэрбээр "Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудалд Засгийн газар аль болох иргэдэд бага хохирол учруулах байр суурь баримтлана. Улс орны эдийн засгийн бие даасан, хараат бус байдал, тусгаар тогтнолтой холбоотой дэвшүүлсэн төсөл, хөтөлбөрөөсөө ухрахгүй. Эрчим хүчний сайд Эрдэнэбүрэнгийн айл өрхүүдтэй газар дээр нь очиж уулзсан. Би удахгүй тэнд очиж ажиллана. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ойрын үед эхлүүлнэ.
Эрдэнэбүрэн сумын ИТХ-ын дарга нь БНХАУ-ын Элчин сайдын яам руу бичиг өгснөөр амаргүй нөхцөл байдал руу орсон. Нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай хуулиар сумын ИТХ-ын дарга нутаг дэвсгэрээ төлөөлөх эрхтэй. Шууд гадаад харилцаа хийх субъект биш. Ерөнхий сайдын хувиар энэ асуудалд эрх мэдлийнхээ хүрээнд арга хэмжээ авна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар баруун бүсийн аймгууд эрчим хүчний хараат байдлаас гарна. Эрчим хүчний хувьд хүнд байгаа нь үнэн” гэжээ.