С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Оджаргал: Миний харснаар Хөгжлийн банкийг хурдан Эксим банк болгох хэрэгтэй
"Монголын Эдийн засгийн форум" Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ хүрээнд зохион байгууж буй “Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засаг сорилт боломж” нэгдсэн хуралдааны үеэр "М Си Эс" группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогын зорилт хөтөлбөрийг харахад хөгжлийг хязгаарлаж байгаа гол асуудлуудыг зөв оношилжээ гэж харсан. Хувийн хэвшлийнхэн эдийн засгаа яаж томруулах уу? гэсэн мөрөөдлийг байнга өвөртөлж явдаг хүмүүс. Хувийн хэвшил ачааллыг үүрэлцэх ёстой. Зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө өөрсдийнхөө нөөц бололцоо бүх зүйлийг дайчилж идэвхтэй оролцох хэрэгтэй. Сорилт бэрхшээл их гарах байх. Өмнө нь болж байгаагүй энэ нөхцөлд бүх зүйлийг урьдчилж таахын аргагүй.
Тавантолгойн цахилгаан станцыг төр өөрөө хэрэгжүүлэх гэж байна. Санхүүжилт мэдээж хүндрэлтэй асуудал. Дотоодын хөрөнгө оруулагч нарыг хөрөнгийн зах зээлээр дамжуулаад эдийн засгийн үр өгөөжийн хүртээмжийг сайжруулах ёстой. Миний харснаар Хөгжлийн банкны асуудлыг хурдан шийдээд Экзим банк болгож, эдийн засгийн том ач холбогдолтой төслүүдээ санхүүжүүлэх хэрэгтэй. Тавантолгой цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулагч нар сонирхохгүй гэж хэлнэ. Сүүлдээ барьдаг компани ч байхгүй болж байна. Хятадууд нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэсэн бол одоо бүр барьж болохгүй гэж байгаа юм билээ.
Хувийн хэвшил хийж чадах ашигтай төслүүдийг нь хийлгээд, чадахгүйг нь төр өөрөө хийх ёстой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлын байр бий болгодог. Хөрөнгө оруулагчид хямралын үед аль болохоор эрсдэл багатайг хайна. Гэхдээ Монголд хөрөнгө оруулалтыг татах боломж байна" гэжээ