С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.6 тэрбумын ариутгалын тасаг нээгдлээ
Азийн Хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслөөс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах чиглэлээр 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Мөн 296 сая төгрөгийн өртөг бүхий хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, хоёр суманд фургон автомашин хүлээлгэн өглөө.
Тус барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийснээр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал олон улсын түвшинд нийцэв.
Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын чадавхыг сайжруулснаар Монгол Улсын өмнө тулгамдаж буй коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалтаас өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн 397 сая төгрөгийн барилгын их засвар болон 785.4 сая төгрөгийн өртөг бүхий ханган нийлүүлсэн 13 ширхэг тоног төхөөрөмж болон 28.7 сая төгрөгийн өртөг бүхий видео ларингоскоп иж бүрдэл, яаралтай тусламжийн хэрэгсэл, умба зэрэг 20 ширхэг тоног төхөөрөмж, хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэлээ.
2021 онд Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Харин 2022 онд,
- Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж 600 сая,
- Аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвийн компьютер, тоног төхөөрөмж 20 сая төгрөг гээд нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.