С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрүүл мэндийн сайд Баянхонгорт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн амралтын өдөр Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, яаралтай тусламж, мэс засал, дотрын болон мэдрэлийн тасгийн үйл ажиллагаатай танилцав.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны наймдугаар сард ЭМЯ-ны санхүүжилтээр 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр, Азийн хөгжлийн банкны зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийжээ. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 онд ашиглалтад орсон Ариутгалын тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж, засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болгов.
Сайд С.Энхболд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлуудын талаар танилцуулсан юм. Тухайлбал гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар болон 2022 оныг Чанар аюулгүй байдлын жил болгосонтой холбоотой шинэчлэлийн ажлыг танилцууллаа.
Эрүүл Мэндийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Баянхонгор аймгийн удирдлагууд аймгийн эрүүл мэндийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлэв
2021 онд Эрүүл мэндийн салбарт Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин 2022 онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн салбарт хийнэ. Тухайлбал:
- Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн өргөтгөлийн барилга /Баянхонгор, Баянхонгор сум/ 9.5 тэрбум
- Тоног төхөөрөмж нийт 2.1 тэрбум төгрөг
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах тоног төхөөрөмж /Баянхонгор/ 450.0 сая/
- “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орны шинэчлэл” 40 ор- 47 сая төгрөг
- “Эрүүл мэндийг дэмжих төв” 30 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмж 1.6 тэрбум
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 155.0 сая төгрөгийн үнэ бүхий туулах чадвар сайтай бүрэн тоноглогдсон автомашин авахаар төлөвлөжээ.
2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхлүүлэх урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймагт ЭМЯ-ны санхүүжилтээр байгуулж буй дэмжих төвийн 450 сая төгрөгийн засварын ажил мөн нийлүүлэгдэж буй 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх юм.