Ариун цэврийн өрөөг зөв, боловсон ашиглаж сурцгаая

Олон нийтийн газрын үйлчлүүлэхдээ нэгэн зүйлийг анзаардаг уу. Ариун цэврийн өрөөний бохир байдал. Тэнд орж, хэдхэн минутад ашиглаад гарахдаа хэрхэн бохирдуулдаг вэ. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Та суултуур дээр сууж бие засна уу” гэсэн анхааруулга бүхий тэмдэглэгээ харагддаг хэдий ч тэр бүр ойшоодоггүй. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд ороход суултуур дээр гишгэсэн мөр, гадна талаар нь үсэрсэн шээс угтах нь энүүхэнд. Хогийн савны гадуур өдөр тутам, 00-ын цаасаа хаясан харагддаг.Бие засаад усаататаагүй тохиолдолтой хэд хэдэн удаа таарч билээ. Үнэр танарын талаар энд дурдах нь илүүц биз.

Зах худалдааны төв, энгийн нэгэн хоолны газрыг яриад хэрэггүй. Ямар байдалтай байдгийг хүн бүхэн мэднэ. Харин өндөр зэрэглэлийн үйлчилгээний байгууллагуудын дүр зураг яг л адилхан байдаг нь дэндүү харамсалтай санагддаг. Угтаа бол бүх байгууллагуудад үйлчлэгч бий. Тэд байгууллагын дотоод журмын дагуу өөрт ногдсон ажлаа цаг тухай бүрт нь хийдэг байх.

Юм бүхэн хоёр талтай. Үйлчлүүлж буй хүмүүсээс шалтгаалдаг ч тухайн үйлчилгээний байгууллагын дотоод асуудалтай холбогдоно. Үүнээс бид хэзээ ариун цэврийн өрөөг зөв боловсон ашиглаж сурах вэ гэх асуулт урган гарч ирнэ. Хүн бүхэн эрхээ ярьдаг шигээ үүргээ биелүүлээд сурчихвал энэ асуудал цэгцэрнэ. Хичээх л үлдэж байна. Үйлчилгээний соёлд суралцаж, бусдын цэвэрлэсэн өрөөг хэдхэн минутанд зөв ашиглаад сурах хэрэгтэй. Бид хэзээч гэрийнхээ суултуур дээр гишгэж бие засдаггүйтэй адилбүхий л зүйлд өөриймсөг хандацгаая.

C.Ичинхорлоо