С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг баталлаа
Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаанаар хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг Дэд хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт, санал гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Монгол Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Дэд хорооны тогтоолын төслийг баталлаа.
Дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, холбогдох хуулийн төсөлд саналаа өгч ажиллах, Дэд хорооны эрхлэх асуудлын хүрээнд шалгалт, судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, холбогдох байнгын хорооны хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчдөд сургалт зохион байгуулах, мөн нутгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын удирдлагуудтай нэгдсэн уулзалт зохион байгуулах болон хуульд заасан бусад ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар Нутгийн удирдлагын дэд хороо нь нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцдаг юм.