Х.Баттулга: Усны асуудал хариуцсан байгууллагыг Ерөнхийлөгч хариуцах нь зөв

Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга усны бодлого, засаглалыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн дүнд гарсан зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн, хууль эрх зүйн хүрээнд Засгийн газар, УИХ-д чиглэл хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллана гэдгээ өнөөдрийн хэлэлцүүлгийн төгсгөлд хэллээ. Энэ нь зөвлөгөөнөөс гарсан хамгийн чухал үр дүн гэжээ.

Мөн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн эрдэмтэн мэргэд, иргэд өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, зарим асуудлыг дэвшүүлснийхээ дараа үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд, олон нийтийн төлөөллүүд Усны засаглалын тогтолцоо, энэ салбарт тулгамдаж буй асуудал, шийдлүүдийг гаргах гэж зорилоо.

Зөвлөгөөн үр бүтээлтэй, ажил хэрэгчээр цаашид үргэлжлээсэй гэж бодож байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан зөвлөмжийг мөн Та бүхэн сонслоо. Усныхаа асуудлыг шийдэж чадахгүй бол улсынхаа ирээдүйг шийдэж чадахгүй. Энэ хэлэлцүүлгээр ганцхан усны асуудлыг ярилаа гэж ойлгож болохгүй, энэ улсын ирээдүйн хөгжлийн асуудал гэж ойлгох нь зүйтэй юм” гэлээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын санал болгож байгаа Гадаргын усыг түлхүү ашиглах “Хөх морь” төслийн санхүүжилтийг яаралтай шийдвэрлэх, доктор Д.Басандоржийн усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Ерөнхийлөгч, агентлагийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зөв гэж бодож байна” гэсэн юм.