С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил бичихээр тусгасан юм. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоосон билээ. Мөн иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл иргэний үнэмлэхэд ил бичигдсэнээр бусад этгээд харах, иргэний хаягийн мэдээллийг ашиглан хохирол учруулах, иргэний хувийн аюулгүй байдал алдагдах зэрэг нөхцөл байдлыг бий болгосоор байгаа учир иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан юм.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.