С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Эрдэнэсайхан: ЖДҮХС 254 тэрбум төгрөгийн авлагатай
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг Дэд хорооны хуралдаанаар сонсчээ. Ажлын хэсгийн мэдээллийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулсан байна.
Тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас өгсөн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Орон нутгийн уул уурхайн компаниудад нийлүүлж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хооронд туршлага солилцуулах зорилгоор уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчдийн хамтарсан уулзалтыг хоёрдугаар сард Канад улсын “Мerit” төсөлтэй хамтран зохион байгуулсан. Уг уулзалтад таван аймаг дахь уул уурхайн компаниуд, аймгуудын Хүнс, хөдөө, аж ахуйн газрын төлөөлөл оролцсон. Уул уурхайн компаниудад үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн туршлага хуваалцах уулзалтыг гуравдугаар сард мөн төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу уул уурхайн томоохон компаниудын худалдан авалтад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр нэр бүхий 14 уул уурхайн үйлдвэр эрхлэгчдэд хамтран ажиллах тухай албан тоот хүргүүлсэн гэж мэдээллээ. Уг ажлын хүрээнд “Оюу толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХХК зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзалт хийжээ.
Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих зорилгоор “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2021”, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021”, “Улаанбаатар түншлэл-2021” зэрэг нэгдсэн арга хэмжээнээс гадна олон улсын форум, үзэсгэлэн арга хэмжээг цахимаар болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 570 гаруй аж ахуйн нэгж, иргэн оролцож, гурван тэрбум орчим төгрөгийн борлуулалт хийсэн аж.
Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжилт олгох хуваарь болон зээл олгох салбар чиглэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар батлуулахаар ажиллаж байна гэлээ.
Кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих, орон нутгийн түүхий эдийн нөөц, эрэлт, хэрэгцээг харгалзан кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг тогтоох зорилгоор МУИС-ийн Бизнесийн сургууль, Эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлжээ.
Ажлын хэсгээс үндэсний болон орон нутгийн кластеруудын өрсөлдөх чадварын судалгаа, кластерын ангилал тодорхойлох аргачлал тодорхойлох шинжилгээг хийж, судалгаанд үндэслэн кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэл, кластерын ангилал тооцох журмын төслийг боловсруулсан гэж мэдээллээ.
Засгийн газрын “Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих зорилгоор 2021 онд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 1.8 их наяд төгрөгийн зээлийг 18.000 иргэн, 5000 гаруй аж ахуйн нэгжид олгожээ. Тухайн зээлээр 125 мянган ажлын байр хадгалан үлдсэн байна. Өнгөрсөн онд нийт зээлийн 62 хувь нь нийслэлд, 37 хувийг аймаг, орон нутагт олгожээ. Ажлын байр дэмжих зээлд төсөвлөсөн хоёр их наяд төгрөгийн санхүүжилт дуусч, зээлийн эрэлт их байгаа учраас гурван хувийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж үргэлжлүүлэн олгох, зээлийн зориулалт, зээлдэгчид тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна хэмээн Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тодотгосон юм.
Сангийн хувьд өнөөдрийн байдлаар 254 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. 2019 онд зөрчилтэй зээлдэгчээс 4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн бол дээрх хэлтсийг байгуулснаар 2020 оны 16 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөж байна.