С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилахгүй
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Өмнөговь аймаг, Цогтцэций суманд боллоо.
Хурлыг цахимаар зохион байгуулж, хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн цахим хуудсаар шууд дамжуулан, санал хүсэлтийг 1800-1072 утсаар авч ил тод нээлттэй явуулав. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч, саналын эрх бүхий төлөөлөгч болон компанийн удирдлагууд оролцлоо.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах, Ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэрийг танилцуулах, Компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох болон Компанийн “А6-20” 2021-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны бизнес төлөвлөгөө, урт хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулах асуудлуудыг тус тус хэлэлцсэн байна.
Дэлхий нийтээр тархсан Ковид-19 цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй хилийн хорио тогтоосноор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт огцом буурсан боловч эрдлийн үеийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.
Мөн улсын төсөвт 420.6 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлж, 110.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Тайлант хугацаанд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай санхүүжилт болон холбогдох бусад томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг төр, засгийн шийдвэрийн дагуу үе шаттайгаар шийдвэрлэж ажиллажээ.