Бусдын босгосон амьдралыг хайрлаарай

"Хайр ямар хямдхан юм бэ. Ханийн сэтгэл ингэж хувирч болох уу. Үрсийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй хүмүүс шүү дээ бид..." гэж нэгэн эмэгтэй хоолой зангируулан хэлж байсан юм. Үнэн л дээ. Үхлээс өөр юу ч биднийг салгахгүй гэж бие биедээ ам тангараг өгч амьдралаа эхлүүлдэгсэн. Үрийнхээ зулайг үнэрлэж байсан сайхан мөч сэтгэлээс хэзээч гарахгүй. Хоёулаа зүтгэж босгосон хэдэн жилийн хайр итгэлцэл дээр тогтсон амьдрал хормын төдий сарнин алга болно гэдэг дэндүү харамсалтай. Хэн нэгэнд сэтгэл алдарлаа гээд "Чамд хайргүй боллоо. Чамаас салж байвал"гэсэн зүү шиг хатуу үгсийг зүрхэнд нь шивчихээд хаалга тас хийтэл хааж гарч болох уу. Эр, эм гэлтгүй гэр бүлээс гадуурх харилцааг тэвчиж, заншъя. Нэг үг байдаг. Эрийн бузар үрд, эмийн бузар нөхөрт гэж үнэний ортой. Салалтаас хэн хамгийн их хохирч үлддэг вэ. Өнчрөлийн зовлонд шаналсан үр, ханьдаа гомдсон эмэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдгийг судалгааны тоо баримт бэлхнээ гэрчилнэ. Харин хэсэг бүлэг эрчүүд энэ зовлонг биеэрээ мэдэрч үр хүүхдээ өсгөж явна. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн бусдын амьдралыг бусниулсан хүмүүст хариуцлага тооцох хуулийн зүйл заалт харамсалтай нь байдаггүй.

Гаднын улс оронд ийм харилцааг жигшин зэвүүцэхийн зэрэгцээ хуулийн хариуцлага хүлээлгэдэг механизмыг маш сайн мөрддөг. Ингэснээр хүүхэд элэг бүтэн гэр бүлд эсэн мэнд өсч зөв хүн болон хүмүүждэг. Гэтэл Монголд хүүхдийн тэтгэмж нэрийдлээр сард хэдхэн төгрөг өгч аргацаасан хуулийг мөрддөгт харуулсал төрдөг. Бодит байдал дээр сар бүр хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөг хүн гарын арван хуруунд хүрэхгүй. Хүүхэд өсгөхөд тулгардаг нэн тэргүүний хэрэгцээг шийдэхэд мөнгө хэрэг болдог. Гэтэл гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн хүн хүүхдэдээ хэдэн төгрөгөө нэхүүлэхгүйгээр өгөх нь ховор. Нэхээд ч өгдөггүй нь ч байна. Хэд хэдэн удаа нэхээд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эгнээнд шилжсэн ээж дахиж холбогдож тэтгэмжийн мөнгөө шилжүүлээч ээ гэж хэлэхээсээ санаа зовно. Би тэрийг царайчлахгүй гэсэн шазруун шартай зангаасаа болж өнөөх явалдагч үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахгүй. Элэг бүтэн өсч байгаа хүүхдийг өнчин хүүхэдтэй харьцуулаад хараарай. Аавыгаа санаж бэтгэрсэн хэрнээ уулзахыг хүсдэггүй. Уулзчихвал ээж минь гомдоно гэсэн бодлыг бяцхан зүрхэндээ нууж явдаг үрийнхээ өмнө "нүгэлт" харьцаа үүсгэсэн та насан туршид нь хайр хариуцлагын өртэй шүү. 

 С.Ичинхорлоо