С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэгт 49 эрүүл мэндийн байгууллага хамтарна
Тавдугаар сарын 1-нээс эхэлж буй эрүүл мэндийн оношилгоо, эрт илрүүлэг үзлэгийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.
-Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Эрт илрүүлэг шинжилгээ нь 2022 оны тавдугаар сарын 1-ээс 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүтэн жилийн турш үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гаргаж, хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товын дагуу урилга хүргэж байгаа. Иргэдийн наснаас шалтгаалан өөр өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан.
Мөн эрт илрүүлэгт цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлнэ. Иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм. Бүтэн жил үргэлжлэх энэхүү үзлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно.