Итгэл...

Энэ үг их гоё. Гэхдээ хэнд сэтгэлийн угт нуугдаж буй тэрхүү нандин үгсээ хэлнэ гэдэг сонголтын асуудал. Өөрийнхөө дотоод ертөнцөд хадгалж, хав дарж байсан үгсээ итгэл сэтгэлийн "гал" дээр дөрөөлж уйлж, учирлаж хэлж байхад дараа нь хаа хамаагүй хэн нэгэн фэйсбүүк хуудастаа доог тохуу болгоод бичихийг унших ямар санагдах уу. Намбалаг, дуугай, ноён нуруутай гэгддэг тийм хүн л хэн нэгний итгэлийн галыг бөхөөдөг. Бөхөөх битгий хэл унтраадаг. Санаандгүй байдлаар нэг удаа ярьсан биз гэж өөрийгөө тайвшруулахад бүр санаатайгаар дахиад өөр хүнд очоод зовсон үеийг минь тавлаад ярьсныг сонсоод зэвүү, дургүй хүрсэн. Гомдож явдаг гэнэн үе өнгөрсөн. Харин харилцаагаа тасалж чаддаг. Хэн нь хэн бэ? гэдгийг илүү мэдэрдэг хэрсүү үетэйгээ нүүр тулж явна. Итгэлтэй хамт, өмнөх сайхан дурсамж үгүй болдог." Арай ч дээ. Би итгэж байхад яаж байгаа юм бол" гэх асуулт хариултаа нэхэж, анхаарлын тэмдэг аятай төвийг сахиж хоцордог. Тиймээс чамд л гэж ярьсан үгсийг чин зүрхэндээ хадгалж үлдээгээрэй. Хүний амьдралын хэцүү үеийг хэн нэгэнд дайжигнаж битгий яриарай. Хүн л юм чинь алдаа оноо зэрэгцэн оршино. Аливаад ухаалаг хандаарай. Чамд итгэж ярьсан тэрхүү нууцыг сонсоод гарах сөрөг үр дагаврыг бодолцож үзээрэй. Өөрт чинь ярьснаа өрөөл бусдаас сонсоод ямар реакц гаргах бол. Зарим нь "За яахав" гээд орхих байх. Сэтгэлийн хатгүй хүндээр хүлээж авдаг нэг нь амиа хорлож ч мэднэ шүү. "Хямдхан амь бэ?" гэж  бодож магадгүй. Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно. Тиймээс Та бусдын сайн сайхныг бахархаж ярьдаг нэгэн байгаарай.

С.Ичинхорлоо