Xилийн хамтарсан комиссын шугамаар тусламж үзүүлэв

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Ороны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор хятадын талаас 4 сая юанийн тусламж хүлээлгэн өгөх ажиллагааг ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас өчигдөр /2022.05.11/ “Эрээн хот”, “Ганцмод” боомтод зохион байгуулав.

Тус ажиллагаанд монголын талаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фү Юүнчүнь нар тэргүүлэн оролцож, хятадын талын хилийн аймаг, хотуудын төлөөлөл байлцав. Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, ПГУ шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар монголын талд үзүүлсэн 2 дахь удаагийн тусламж юм. Эхний удаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад үр дүнтэй ашиглаж байна.

Цар тахлын хугацаанд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хамтын ажиллагаа эрчимжиж, “Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээ”-ний хэрэгжилтийг тогтмол хугацаанд хэлэлцэн дүгнэж, улсын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулж, хоёр улсын харилцаа, хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилтийг идэвхтэй урагшлуулж байна.