Нэг л өдөр гараад эргэж ирээгүй аав минь...

Тоглож суусан би таныг буцаж ирэх байх гэж сэтгэлдээ харуулдсан хэвээр. Нэг, хоёр, арван хоног, сар, жил алсран өнгөрсөн ч аав минь та ирсэнгүй. Ээжтэй муудсан ч эрх танхил үрээ гэсэн сэтгэл чинь гэнэт хувиран алга болсонд гомддог. Би яг юуг буруу хийсэн болоод та холбоогоо таслаад намайг ор тас мартсан юм бэ? Таны дуу хоолой, өндөрт тэврээд үр минь гээд үнэрлээд инээмсэглэдэг байсан дүр төрх одоо ч үгүйлэгдсээр байна... Аавгүй өдрүүд амьдралын алс холын аялал. Дэндүү гунигтай санагдана. Хаа нэгтэй аав минь амьдарч байхад уулзаж чадахгүй, амьд явахад нь "ААВ аа" гэж дуудуулах эрхээ хасуулна гэдэг уйтай уйтгартай. Хуучирч муудсан хувцастай, тамхиа баагиулан гартаа талх, сүү барьчихсан гэрийнхээ зүг алхах хэн нэгний аавыг хараад тосоод гүймээр. Үрс нь аав ирж байгаа гээд баярлан угтах мөчийг хараад нулимс урсах. Айлын хүүхдүүдтэй муудалцчихаад "Чамайг аавдаа хэлнээ" гээд цовоо дуугаар чанга хэлэх охиныг хараад хоолой зангирах. Аав л ороод ирвэл, аавдаа л үнсүүлчихвэл, сахилгүйтэж байгаад аавдаа зэмлүүлчихвэл амьдрал өнгө ороод явчих юм шиг бодол тээх. Ааваа та яаж үрээсээ хүртэл холбоо тасалж, хатуурхаж чаддаг байна. Аль эсвэл аав минь өөр хүүхэд өвөр дээрээ суулгачихсан эрхлүүлж суугаа юм бол уу. Цэцэрлэгт, сургуульд нэг ч удаа ааваараа хүргүүлж байсангүй. "Сайн уу амьдрал минь" гэж хэлээд их сургуулийн хонхны баяр хийхэд та минь бас л байсангүй. Анхны цалин, анхны хайр, амьдралын хань, анхны үрээ төрүүлэхэд та бас л байсангүй. Ааваа гээд нэг удаа дуудахсан, алсаас барааг чинь харахсан. Нэг л өдөр гэрийнхээ хаалгыг хаагаад гарсан аав минь нэг л өдөр эргээд ороод ирээсэй. Он жил улиран одсон ч охин нь таныгаа сэтгэлдээ тээсээр л явна. Гомддог ч гэсэн ганцхан удаа таныгаа харж "Хайртай шүү" гэж хэлээд халуунаар тэвэрч, хацраа үнсүүлэхсэн.

                                                                                      С.Ичинхорлоо