С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Дэлхийн банкны мэргэжилтнүүд Монголд ажиллаж байна
Дэлхийн банкны Макро эдийн засаг, засаглал, санхүү, ядуурал хариуцсан Ази номхон далайн бүсийн захирал Хассан Заман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Тэд өнөөдөр /2022.07.25/ Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдтай албан уулзалт зохион байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар санал солилцов.
Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд зарладаг Ядуурлын судалгааны ээлжит бүрэн гүнзгийрүүлсэн танилцуулга олон нийтэд тархаахад бэлэн болсон тухай мөн танилцуулж байна. Онцлог нь мэдээж 2020 оны Ядуурлын дүр төрхийг харуулсан, 2018 оноос 0.6 пунктээр буурсан, хамгийн гол нь Халамжийн үйлчилгээний 60 хувь нь хүн амын ядуу бус бүлэгт зарцуулагдаж байгааг онцолж байна.
Халамжийн бодлогын хамгийн том үйлчилгээ бол Хүүхдийн мөнгө. 2021 онд ДНБ-ийн 3.1 хувийг дан ганц Хүүхдийн мөнгөд зарцуулсан нь бүсийн хэмжээнд хамгийн өндөр Халамжийн хувь хэмжээ. Төсвийн маш өндөр ачаалал. Өрхийн амжиргааны дээд бүлгийн 30-40 хувийг хасах бодлогын хувилбаруудыг яаралтай авч хэлэлцэх бодлогын зөвлөмж өгч байгаагаа мөн хэлж байна.
Ковид болон эдийн засгийн хүндрэлийн үед Хүүхдийн мөнгөөр дамжиж айл өрх болгонд хүрсэн Халамжийн бодлогыг цаашид зорилтот бүлэгрүүгээ чиглүүлэх нь чухал ач холбогдолтой. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх, мөн хөгжлийн хөрөнгө оруулалтын төсвийн орон зай гаргаж чадах эсэх нь үүнээс хамаарч байгааг онцолж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зүгээс, тэр дундаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болоод нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэн шинэчлэх, сайжруулах талаар бодлогын төлөвлөгөө, мэдээлэл өглөө.
Манай улсад Дэлхийн банкны Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх төслийн хүрээнд Нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын бодлого боловсруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.