С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ван И-гийн айлчлал дагасан хоёр ҮНЭН
Товлосон өдрөөсөө тодорхой шалтгааны улмаас айлчлалаа түр хойшлуулсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаадын хэргийн сайд Ван И Монголд газардлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах хөтөлбөртэй түүний энэ удаагийн айлчлалын хүрээнд эрчим хүч, хилийн боомтын үйл ажиллагаа, ачаа тээврийн зохицуулалт зэрэг асуудалд түлхүү санал солилцож, ахиулах урьдчилсан таамаг бий.
"Айлчлалаас хүлээж буй гол үр дүнгийн хувьд манай хамгийн их анхаарал хандуулж буй уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, хилийн төмөр замын холболт, тээвэр логистик, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц шийдэл олох явдал юм. Боомтын төмөр замын холболтын асуудлыг Засгийн газрын түвшинд эцэслэн тохиролцож, хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэлийг тавина гэсэн хүлээлттэй байна" гэдгийг ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцолжээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол, Хятадын Гадаад харилцааны сайд нар есөн удаа харилцан айлчилсан албан ёсны тоо бий. Үүний дөрөв нь 2013 оноос хойш БНХАУ-ыг гадаад түвшинд бүхэлд нь төлөөлж ирсэн Ван И-д хамаарч байгаа юм. Гол нь өмнөх гурван айлчлалаас энэ удаагийн буюу дөрөв дэх нь өөрийн гэсэн онцлог бас түүхэн агуулгатай. Ийн тодотгох хоёр шалтгааныг Оюу Толгой дээр жишээлж хөрвүүлье.
-1-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай тохиролцсон гол асуудал нь боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон явдал байв. Ингэснээр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн зэс, коксжсон нүүрсний экспортын 50 хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын өргөн, нарийн цариг тойрсон 14 жилийн маргаан, дотоодын улстөржилтөд цэг тавьсан юм. Зэрэгцээд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн хоёр ч боомтын төмөр замын хилийн шугамыг давхар шийдвэрлэсэн. Эдгээрийн болон ялангуяа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулах ойрын зорилтоо ч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдад мэдэгдсэн юм.
Монголын Засгийн газрын тэргүүний БНХАУ-д өрнүүлсэн яриа, дэвшүүлсэн санал, харилцан тохиролцоо Ван И сайдын айлчлалын хүрээнд албажих ёстой. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох хилийн төмөр замын техникийн нөхцөлийг гарын үсэг зурж баталгаажуулснаар бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганц боомттой Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод бүхий хоёр гарцтай болно гэсэн үг. Арав гаруй жил гацсан Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлснээс долоо хоногийн дараа БНХАУ-ыг зорьсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлал эндээс ч эхтэй байж мэднэ.
Ирэх оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулах товтой эл гүний уурхай дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх өндөр технологи бүхий олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд зүй ёсоор тооцогдоно. Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж хамгийн багадаа гурав дахин нэмэгдэнэ. Тэр хэрээрээ эдийн засаг тэлнэ. Гагцхүү түүнээс урьтаж боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх нь биднээс хамаарах гол асуудал. Монгол Улс дэлхийд, зэсийн олон улсын зах зээлийн өрөг дээрх том тоглогч болчихоод ганцхан төмөр замын гарцтай байж болохгүй. Нэгэнт далайд гарцгүй учраас төмөр замаа түшиглэж БНХАУ хэмээх аварга эдийн засаг руу гарахаас өөр сонголт үгүй.
Оюу Толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг нь үнэн л юм бол биднээс хамаарах хүчин зүйл нь тэндээс гарах ашигт малтмалыг тээвэрлэж, экспортлох гарцыг нэмэгдүүлэх л учиртай. Төмөр зам өөрөө дугуй эргээд л мөнгө болдог онцлогтой салбар. Тээврийн зардал буурахаас гадна ачаа, тээврийн эргэлт хэд дахин нэмэгдэх нь Монголд хэрэгтэй, түүнээс төвлөрөх мөнгө нь төсөвт нэмэртэй. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орсноор зөвхөн нүүрсний экспорт 15 сая тн-оор нэмэгдэх нь өөрөө бодит үзүүлэлт.
-2-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ойрын болон урт хугацаандаа хэрэгжүүлэхээр зорьсон, зорьж буй хамгийн том амбийц нь "Шинэ сэргэлтийн бодлого". Бодлогын хүрээнд эрчим хүчний салбар руу чиглэсэн 22 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Багцалбал:
- Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна.
- Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө.
- ДЦС-3-ыг түшиглэн 400Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна.
- Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн тохируулга хийх, 160Мвт-ын цэнэг хураагуур байгуулна.
- Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх замаар нэгдэх судалгааг эхлүүлнэ.
- Эгийн голын усан цахилгаан станцын биологийн олон янз байдлын судалгааг эхлүүлнэ.
- Багахангай дүүрэгт 300Мвт-ын станц байгуулна.
- Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна.
- Эрдэнэбүрэн-Мянгат зэрэг хэд хэдэн чиглэлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар төлөвлөжээ.
Эдгээрээс Ван И сайдын айлчлалын "богц"-нд хоёр төсөл багтаж буй нь Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станц. "Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станц нь хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны жишиг болсон төслүүд. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх чухал төслийн нэг юм" хэмээн Б.Батцэцэг сайд тодотгосон байна лээ. Оргүй юм биш, бодит үнэн нь л тэр юм.
Монгол Улс жил бүр 200 сая ам.долларын эрчим хүч гаднаас импортолж, нийт хэрэглээнийхээ 20 хувийг ОХУ-аас авч, зөрүү нь нэмэгдэж байгаа энэ байдал явсаар Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулах эрсдэл ирснийг эдийн засагчид, салбарын мэргэжилтнүүд ил тод сануулж эхэлсэн лав сайны дохио биш. Уг нь эрчим хүчний нийлүүлэлтээ 100 хувь дотоодоосоо хангах нөөц боломж бидэнд бий юу, гэвэл бий. Гагцхүү улс төрийн эр зориг л дутаж иржээ. Өвөрмонголоос өнөөдрийг хүртэл эрчим хүчний хамааралтай явж ирсэн Оюу Толгой гэхэд жил бүр 120 сая ам.долларыг гадагшаа зарцуулдаг. Уг нь энэхүү валютын урсгалыг дотооддоо, өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлаж, шингээх бүрэн боломжтой. Эрчим хүчний шинэ эх үүсвэрээ нэн яаралтай барьж, ашиглалтад оруулахад шийдэх асуудал.
Эрчим хүчний салбарын тогтвортой, хараат бус байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй нь туйлын үнэн. 21 аймаг бүрд мах, сүүний үйлдвэр барьдаггүй, барьсан тохиолдолд эрчим хүчний нийлүүлэлт, ачаалал нь дийлэхгүй болсон нь бас нэгэн үнэн. ОХУ, Украины дайны улмаас ДЦС-уудын тоног төхөөрөмжийн үнэ огцом өссөн нь энэ салбар дахин том сорилттой нүүр тулахад хүргэсэн нь гашуун үнэн. Дэлхий нийтээрээ технологийн өөрчлөлт хийж, нүүрснээс татгалзаж байгаа ч Монгол Улс хатуу түлш буюу нүүрсээр ажиллах шинэ эх үүсвэрийг байгуулахаас өөр гарцгүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Ямар ч "Мэргэжлийн" Засгийн газар, сайд гарч ирээд тойрохгүй дайрах нь бодит үнэн. Ерөөсөө л бидний онцлог нөөц боломж, байгаа сонголт нь л энэ юм.
Гагцхүү энэхүү сонголт, сорилтын өмнө тулж ирсэн Засгийн газраас эхний ээлжид хамгийн боломжит хувилбарыг гаргаж ирсэн нь Эрдэнэбүрэн, Багануурын цахилгаан станц. "Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг аль болох эрт хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах тал дээр онцгой анхаарал хандуулж байна" хэмээн Б.Батцэцэг сайдын хэлсэн нь ч шалтгаантай. Далайд гарцгүй ч ойрын таван жилдээ үйлдвэрлэгч орон болох том зорилготой Монгол Улсын хувьд боомт, эрчим хүчний зангилаагаа тайлахгүйгээр урагшлах ямар ч боломжгүй. Эл хоёр асуудлаа шийдэхгүйгээр хөгжсөн улс орны түүх ч энэ дэлхийд үгүй.
Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэтэй урд хөршийнхөө дэмжлэгтэйгээр боомтын хүчин чадлаа нэмэгдүүлж, эрчим хүчний эх үүсвэрээ найдвартай болгох нь өнөөдрийн Монголд, энэ Засгийн газрын анхаарал хандуулж, хүч хаях асуудал гэдэг нь ойлгомжтой.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал дагасан хоёр үнэнг Монгол Улсад гуравдагч хөршийн оролцоотой хэрэгжүүлж буй хамгийн том, дэлхийн энтэй төсөл болох Оюу Толгойгоор багцаалж, баримжаалахад ийм байна.
С.Гандөл