С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сингапурын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна
Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид наймдугаар сарын 10-нд Монгол Улсад иржээ.
Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзав. Тус яам нь Бүгд Найрамдах Сингапур Улсын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас авахаар санамж бичиг байгуулсан.
Засгийн газраас Хуримтлалын нэгдсэн сан байгуулах замаар иргэдэд боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж буй аж.
Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад энэ сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаас хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм. Энэ хүрээнд тус улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог хөгжүүлсэн түүх, саад бэрхшээл, сорилтууд, хэрэгжилтийн талаар эхний өдрийн сургалт уулзалтыг зохион байгуулжээ.
Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.
Сургалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон нийгмийн даатгал, тэтгэврийн реформ, хуримтлалын сан бий болгоход санаачилгатай ажиллаж байгаа судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцжээ.